Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 16

1

ХАРҮКИ МҮРАКАМИ
2

 Нарийн боовны мухлагийг хоёр дахиа дээрэмдсэн нь

Нарийн боовны мухлагаас хулгай хийх гэж оролдсоноо эхнэртээ хэлсэн нь зөвдөв үү, буруудав уу гэж
би одоо ч эргэлздэг. Гэхдээ энэ нь муухай юм хийсэндээ санаа зовсон хэрэг огт биш. Тэгээд ч буруу
сонголт заримдаа сайн юманд хүргэдэг, эсвэл эсрэгээрээ байх нь олонтаа. Би л хувьдаа сонголт гээч зүйлд
итгэдэггүй агаад хүн ер нь юуг ч сонгодоггүй, болох ёстой юм л болдог гэж боддог хүн. Ингэж үзвэл
ялихгүй дээрмийнхээ талаар эхнэртээ ярьсан минь зүгээр л болоод өнгөрсөн хэрэг юм. Энэ тухай ярья гэж
би огт бодоогүй, өөрөө ч тийм явдал болсныг мартчихсан байлаа. Гэхдээ “Нээрээн, тэр гэснээс...” гэж ярьж
эхлээд ам алдсан хэрэг бас биш байв.

Мухлагийн тухай ярих үедээ би аймшигтай их өлсөж байсан юм. Шөнийн хоёр цаг болох гэж байхад
болсон хэрэг л дээ. Эхнэр бид хоёр зургаан цагийн үед хөнгөхөөн оройн хоол идээд, ес хагасын үед
орондоо орсон санагдана. Гэтэл яагаад ч юм шөнө дунд нэгэн зэрэг сэрэв. Хэдэн хормын дараа биднийг
өлсгөлөнгийн дайрлага дайрав аа. Эгээ л хуй салхи шиг зүйл гэдэс ходоодонд эрчлээд ирсэн юмдаг.
Хөргөгчинд хоол гэчихээр юм үгүй, салатны франц хачир, зургаан лааз шар айраг, хоёр хорчийсон
сонгино, хуруу хэлбэртэй цөцгийн тос, хөргөгчний үнэр дарагч л байлаа. Гэрлээд хоёр долоо хоног
болчихсон байж бид хоёр бусад зүйлийг байг гэхэд хоол хүнс базаах тал дээр ч хослон амьдрахын дэгэнд
ороогүй байжээ.

Тэр үед би хуулийн пүүст ажилладаг байв. Харин эхнэр загварын сургуульд бичиг цаасны ажил хийж
байсан санагдана. Би 28-29 настай л байсан байх (хэзээ гэрлэснээ яагаад санахгүй байгаа юм бол доо).
Эхнэр харин надаас хоёр жил, найман сарын дүү болохоор 26 орчим настай байжээ. Хүнс цуглуулна гэдэг
тийм насанд бараг л хамгийн сүүлд санаанд орж ирэх зүйл шүү дээ.

Эргээд унтах гэхээр өлсөөд болдоггүй, зүгээр хэвтюү гэхээр бүр ч хэцүү байсан тул бид орноосоо өндийж,
гал тогооны ширээний хоёр талд өөд өөдөөсөө харан зогслоо. Хөргөгчний хаалгыг ээлжлэн хэд ч
онголзуулаад доторх зүйлс нь өөрчлөгдсөнгүй. Өнөө л шар айраг, сонгино, салатны хачир, үнэр дарагч.
Сонгиноо цөцгийн тосонд шарж болно. Гээд нэг муу хатсан сонгино ходоод баярлуулахгүй гэдгийг бид
хоёр мэдэж байв.

-Үнэртэн дотор шарсан салатны франц хачир зооглох уу, хатагтай? гэж би хошигнов. Эхнэр маань яг л
миний таамагласанчлан тоглоом шоглоом хийх гэсэн оролдлогыг минь үл ойшооно. Ааш занг нь засах
гэж би

-Машинаа унаад гаръя. Шөнө ажилладаг хоолны газар хайя. Хурдны замын хажууд байж магадгүй гэж
нэмж хэллээ. Түүнд миний санал таалагдсангүй.

-Шөнө дунд болж байхад яаж хоол эрээд явж байх юм бэ? гэж тэр хошуугаа унжууллаа. Манай хүн
иймэрхүү зүйлд жаахан хуучинсаг л даа. Хариуд нь би хөнгөхөн санаа алдаад

-Тийм дээ хэмээн үгэнд нь оров.

Тэр үед эхнэрээ иймэрхүү санаа оноо (эсвэл таамаг) илэрхийлэхэд тэр нь чихэнд минь их л хүчтэй
цангинан хүрдэг байжээ. Дөнгөж гэрлэсний дараа тийм байдаг ч юм уу. Гэхдээ түүнийг шөнөөр идэх
зохисгүй гэж хэлмэгц надад энэ удаагийн өлсгөлөн маш онцгой юм гэсэн сэтгэгдэл төрж билээ. Ингэж их
өлсөх үед дуршлаа дарахад хурдны замын дэргэдэх хоолны газрууд ч нэмэр болохгүй гэдгийг би мэдэрч
байв. Ийм хачин жигтэй өлсөх мэдрэмжийг яаж ч тайлбарламаар юм. Киноны дүр дүрслэлээр илэрхийлэх
гээд үзье. Эхний кадрт би тэнгисийн тогтуухан уснаа жижигхэн завин дээр хөвж явна. Харин удаахад нь
би завинаасаа тонгойж, ус руу харахад тэнгисийн ёроол дахь галт уулнаас халуун уур савсаж үзэгдэнэ.
Гурав дахь кадрт галт уулын орой тэнгисийн мандалд ойртох ч хэр ойр байгаа нь мэдрэгдэхгүй. Сүүлийн
кадрт усны тунгалгаас болж орон зайн мэдрэмжээ хүртэл би алдах шиг болно. Гарч хоол идэх тухай
эхнэртээ хэлж, түүний татгалзсаны хариуд “Тийм дээ” гэж буулт хийсэн тэр хоёр, гуравхан хормын дотор
надад ийм л дүр зураг харагдсан юм. Зигмунд Фройд биш болохоороо би энэ мэдрэмжээ чухам ямар
учиртайг бүрэн ухаараагүй ч нэг талаар ямар нэг нууцлаг зүйлийн илчлэлт гэдгийг ойлгож байлаа. Энэ
эвлэрэл л намайг эхнэрийнхээ үгийг үг дуугүй хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн байж мэднэ.

Эхнэр гадагш гарахаас татгалзсан тул бидэнд шар айраг уухаас өөр сонголт байсангүй. Тэгээд ч сонгино
идэхээс хамаагүй дээр шүү дээ. Эхнэр маань шар айрганд дургүй болохоор хоёрыг нь эхнэр, дөрвийг нь
би уухаар болов. Намайг эхнийхийгээ уух зуур гал тогооны тавиуруудыг тэр намрын хэрэм шиг нэгжиж,
баахан юм онгичиж онгичиж нэгнийх нь булангаас цөцгийтэй дөрвөн жигнэмэг оллоо. Удаж, зөөлөрсөн
3

байсан ч бид хоёр хоёроор нь, тамшаалан байж идэж орхив. Гэвч нэмэр болсонгүй ээ. Бид хоёрын өлсөх
нь Синайн хойг шиг зах хязгааргүй мэт, өчүүхэн жигнэмэг, жаахан шар айраг тэнд нь ямар ч ул мөр
үлдээгээгүй мэт санагдана.

Цаг хугацаа шөнийн харанхуйд загасны гэдэс доторх тугалган сум шиг зоогджээ. Би шар айрагны
мөнгөлөг лаазан дээрх бичгийг нэг уншиж, бугуйн цагаа нэг харж, хөргөгчний хаалга руу дэмий гөлөрч,
өчигдрийн сонинг дуртай дургүй эргүүлж зогсов. Эхнэр маань нам гүмийг эвдэж

-Амьдралдаа ингэж их өлсөж байсангүй. Гэрлэсэнтэй холбоотой юм болов уу? гэв.

-Тийм ч байж магад, үгүй ч байж магад гэж би хариулав. Түүнийг дахин элдэв юм онгичиж, идэх юм хайх
зуур би өнөөх жижиг завиныхаа нэг тал руу налж суугаад усан дорх галт уулыг харлаа. Завийг минь тойрон
долгилох тэнгисийн тунгалаг ус намайг тавгүйтүүлж, ар нуруу хавьд томоос том нүх үүсэн, би гарах
гарцгүй болж байгаа мэт санагдаад явчихав. Ор хоосны энэ мэдрэмж өндөр байгууламжийн оройд
гарахаар сүүлийн гишгүүр дээр гишгэхэд айдсаас чөлөөлөгдсөн мэт дөжирч орхидогтой эгээ адил юм.
Өлсөх, өндрөөс айх хоёрын ийм ижил төстэй шинжийг анзаарсан нь надад шинэ нээлт байсан ч нэг л танил
мэдрэмж мэт, өмнө нь ийм сэтгэгдэл төрж байсан мэт санагдах нь хачирхалтай. Өмнө нь хэзээ ингэж их
өлсөж үзлээ. За, байз... Аан нөгөө... “Нарийн боовны мухлаг руу дайрахад” гэж би чанга хэлж орхив. Эхнэр
гайхан

-Мухлаг руу дайрсаан? Юу яриад байна аа? гэж лавлаж асуув.

Ингэж л хамаг хэрэг эхэлсэн юм.

-Нэлээн дээхнэ би нарийн боовны дэлгүүрээс хулгай хийсэн юм. Хүн бага ордог, жижигхэн газар байсан.
Талх нь ч гойд амттай биш. Гэхдээ бас муугүй. Гудамжны жижиг мухлаг л даа. Эзэн нь бүх юмаа өөрөө
хийдэг нэг хөгшин байлаа. Өглөө нь талх, боовоо барина. Харин тэр өдөртөө хийсэн болгоноо зарж
дуусгачихаад эрт хаачихдаг байсан.

-Яагаад заавал тэр газрыг сонгосон юм бэ?

-Том газраас хулгай хийх шаардлага байгаагүй. Талх л идье гэж бодсон болохоос бид ямар мөнгөтэй болъё
гэсэн биш. Бид зүгээр л тэр газар руу зөвшөөрөлгүй орсон хэрэг. Дээрэм гэх ч хаашаа юм.

-Бид гэж хэнийг хэлж байгаа юм?

-Тэр үед байсан миний сайн найз. Арваад жилийн өмнөх явдал шүү дээ. Оо ч авах мөнгөгүй, тийм л ядуу
байлаа. Дандаа л өлсөж явна. Идэх юм олох гэж элдвийн юм хийсэн дээ. Нэг нь л тэр мухлагийн хэрэг юм.

-Ойлгохгүй юм.

Ингэж хэлээд эхнэр маань над руу их ширүүн харав. Өглөөний тэнгэрээс үл үзэгдэх оддыг хайж байгаа
юм шиг л.

-Ажил хийж болохгүй байсан юм уу? Хичээлийнхээ хажуугаар ажил хийж болно шүү дээ. Дэлгүүр, мухлаг
дээрэмдэхээс дээр байх байсан байлгүй.

-Ажил хиймээргүй байсан юм.

-Одоо гэхдээ ажиллаж л байгаа биз дээ?

Би толгой дохиод шар айргаа шимэв. Согтууруулах ундааны хөөмөл лаг шавар тархины минь гүн рүү
унаж, гэнэтийн хүчтэй өлсгөлөнтэй тэмцэлдэж буй мэт санагдана.

-Цаг цагаараа байх биш. Хүн ч гэсэн өөрчлөгддөг шүү дээ. Хоёулаа эргээд хэвтье. Өглөө эрт сэрнэ.

-Нойр хүрэхгүй байна аа. Тэр мухлагт болсон явдлаа ярьж өгөөч.

-Яриад байх юм байхгүй ээ. Адал явдалтай, сэтгэл хөдлөм юм болоогүй.


4

-Гэхдээ дээрэм чинь амжилттай болсон уу?

Би унтахаа хойшлуулж дахин нэг лааз шар айраг онгойлголоо. Эхнэр маань нэг сонирхоод эхэлбэл ямар ч
юмыг дуусгаж байж л санаа нь амардаг хүн.

-Амжилттай гэх хаашаа ч юм. Бид хоёр ямар ч байсан хүссэн юмаа авсан. Гэхдээ төлөвлөснийхөө дагуу
биш. Талхаа хулгайлаад гарах гэж байтал мухлагийн эзэн ирээд бид хоёрт зүгээр өгчихсөн юм.

-Үнэгүй юү?

-Яг ч үнэгүй биш ээ. Тэгээд л бүтэлгүйтсэн гээд байна. Мухлагийн эзэн сонгодог хөгжмийн хорхойтон
байсан. Бид хоёрыг очих үед тэр Вагнерийн увертюруудыг сонсож байж. Тэгээд бидэнд болзол тавьсан.
Вагнерийн пянзыг бүхлээр нь сонсвол хүссэн хэмжээгээрээ талх авч болно гэж. Яаж ч бодсон хэнд ч
халгүй санал болохоор бид хутга шөвгөө цүнхэндээ хийж, нэг нэг сандал аваад суусан даа. Вагнерийн
“Тангейзер”,“Нисдэг голланд”-ын удиртгалыг сонссон санагдана.

-Тэгээд талхаа авсан уу?

-Авахаар барах уу. Бүр цүнхээ дүүргээд гарсан. Лав дөрөв, тав хоног тэндхийн талхыг идсэн юмдаг.

Ингэж яриад би дахиад шар айрагнаасаа балгав. Далайн ёроол дахь газар хөдлөлтөөс үүдсэн нам гүмхэн
давалгаа жижигхэн завийг минь удаанаар дайвалзуулна.

-Ямар ч байсан хүссэнээ авсан. Талхтай болсон. Гэхдээ гэмт хэрэг хийсэн гэх аргагүй байгаа биз дээ.
Солилцоо, наймаа байсан гэж болох юм. Хуулийн үүднээс бол бүр хэлэлцээ ч гэж болно. Мухлагийн эзэн
аяга таваг угаалгаж, цонх арчуулна гэсэн бол бид татгалзах байсан байх. Гэтэл Вагнерийг санал болгосон
гээд бод доо. Хэнд ийм санаа төрөх вэ дээ. Мухлагийн эзэн тэр хөгжмөөр биднийг хараасан байх. Одоо
бодоход саналаас нь татгалзах хэрэгтэй байж. Зүгээр л улаан хоолойд нь хутга тулгаж байгаад, байсан
бүхнийг нь хамаад гарах байсан юм. Тэгвэл бэрхшээл үүсэхгүй байх байж.

-Чамд ямар нэг бэрхшээл байгаа юм уу?

-Тэр гээд хэлэх юм байхгүй л дээ. Гэхдээ түүнээс хойш л юм бүхэн өөрчлөгдсөн шиг санагддаг. Би их
сургуульдаа буцаж орсон, төгссөн. Ажилд орсон, албан хаагчийн шалгалтад тэнцсэн, чамтай танилцсан,
гэрлэсэн. Дахиад хэзээ ч тиймэрхүү юм хийгээгүй. Нарийн боов, талх хулгайлах гэж оролдоогүй.

-Ингээд л болоо юу?

-Тийм ээ, ингээд л боллоо.

Би сүүлчийн лаазаа задлав. Лаазны амсар дээр байдаг гогодоо цагариг зургаа болж, үнсний саван дотор
загасны хайрс шиг үзэгдэнэ. Мухлагийн хэргээс болж өөр онц гойд юм болоогүй гэдэг нь мэдээж худлаа.
Гэхдээ би тэр талаар эхнэртэйгээ ярилцахыг хүссэнгүй.

-Тэр найз чинь одоо юу хийдэг вэ?

-Мэдэхгүй. Юу ч юм нэг зүйлээс болж бид найзлахаа больсон. Түүнтэй таараагүй их удаж. Юу хийж явааг
нь ч мэдэхгүй юм байна.

Эхнэр маань нэг хэсэг юу ч дуугарсангүй. Намайг өөрт нь болсон бүхнийг ярьж өгсөнгүй гэж бодсон байж
ч болох. Гэсэн ч олон юм шалгаахгүйг хичээж байлаа.

-Тэр явдлаас болж уулзалдахаа больсон юм болов уу?

-Магадгүй. Тэр явдал хэн хэнд маань мэдэгдэлгүйгээр бидний амьдралд нөлөөлсөн ч юм бил үү. Талх,
Вагнер хоёр хоорондоо ямар холбоотой байж болох талаар бид хоёр дараагийн хэдэн өдөр нь их ярьсан
юмдаг. Бас саналыг нь зөвшөөрсөн нь зөв болов уу, үгүй юү гэж ч ярилцсан. Гэхдээ эцсийн дүгнэлтэд
хүрч чадаагүй л дээ. Бүгд л хүссэнээ авсан болохоор зөв шийдвэр гаргасан ч юм шиг. Мухлагийн эзэн
яагаад тийм хачин санал тавьсныг мэдэхгүй ч тэр ямар ч байсан Вагнераар биднийг сэнхрүүлж
5

дөнгөсөн. Бид ч талхаа авсан. Гэсэн ч тэр нь алдаа байсан юм шиг санагдаад байдаг юм. Шийдэгдээгүй,
тайлагдаагүй тэр алдаа бидний амьдралд сүүдрээ тусгаад ч байгаа юм бил үү. Тэгээд л би хараал гээд
байгаа юм.

-Тэр хараал одоо ч гэсэн үйлчилж байгаа болов уу?

Эхнэрээ ингэж асуух үед би үнсний саван дахь гогодоо цагаригуудыг ар араас нь тавьж, тойрог үүсгэж
суулаа.

-Мэдэхгүй юм даа. Дэлхий ертөнц хараалаар дүүрэн байх. Ямар нь ч муу муухай юм дууддаг юм, бүү мэд.

-Гэхдээ чи л хараал гэж бодож байгаагаараа үгүй хийх ёстой биз дээ? Үгүй бол чамайг үхэн үхтэл чинь
шаналгавал яана. Ганц чамайг ч биш, намайг ч гэсэн зовооно шүү дээ.

-Чамайг уу?

-Одоо би чиний хамгийн сайн найз болсон. Тийм биз дээ? Ер нь чи бид хоёр яагаад ингэж их өлсөөд байна
гэж чи бодож байна? Би хэзээ ч ингэж их өлсөж үзээгүй. Чамтай гэрлээд л ийм юм мэдэрч байна. Чамд
хачин санагдахгүй байна уу? Чамд туссан хараал надад ч гэсэн үйлчилж байгаа юм болов уу?

Би юу гэхээ мэдсэнгүй. Тойруулан зассан цагариган төмөрнүүдээ би буцаагаад үнсний саванд хийв.
Түүний зөв эсэхийг мэдэхгүй ч ямар нэгэн зүйл хэлэх гээд байгааг нь би гадарлав. Дахиад л тэсэхийн
аргагүй өлсөж, толгой өвдөх шиг боллоо. Гэдэс ходоодны минь бүх л өвчин зовуурь тархины цөм рүү
цахилгаан утсаар дамжигдан хүрч, бие махбодь минь хэзээ мөдгүй эвдэрчих гээд байгаа оньсон
төхөөрөмж мэт санагдана. Би дахиад л усан дорх галт уулаа харлаа. Тэнгисийн ус бүр ч тунгалагшиж,
ойртож харахаас нааш галт уул байгаа үгүй нь мэдэгдэхээргүй болжээ. Завийг минь тогтоох юу ч байхгүй,
агаарт л хий хөвөөд байгаа мэт санагдаж, тэнгисийн ёроолын чулуу бүр хүрч үзмээр ойрхон харагдана.

-Хоёулаа хамт амьдраад хоёр долоо л хонож байна. Гэтэл надад юуных нь мэдэгдэхгүй, нэг л хачин төрх
байдал мэдрэгдээд байгаа.

Миний нүд рүү эгцлэн хараад ингэж хэлэхдээ эхнэр маань ширээн дээр хоёр гараа тавьжээ.

-Харин одоо учрыг нь оллоо. Чамд хараал хүрсэн байж.

-Юун төрх байдал билээ?

-Олон жил угаагүй, хүнд, тоос дарсан зузаан хөшиг таазнаас өлгөөтэй байх шиг санагдаад байдаг юм.

-Хараал биш ч байж магадгүй шүү дээ. Надад л тэгж санагдсан юм бил үү.

Би ингэж хэлээд инээмсэглэв. Харин тэр хариу инээмсэглэсэнгүй.

-Зөвхөн чамд тэгж санагдсан хэрэг биш байх аа.

-Яахав, чиний зөв болог. Үнэхээр хараал байжээ гэж бодъё. Тэгвэл яах ёстой вэ?

-Дахиад нэг нарийн боовны мухлаг дээрэмдье. Яг одоо. Өөр арга байхгүй.

-Одоо юу?

-Тийм ээ. Хоёулаа их өлсөж байгаа биз дээ? Дутуу орхисон юмаа чи гүйцээх хэрэгтэй.

-Гэхдээ одоо шөнө дунд болж байна. Онгорхой газар байгаа болов уу?

-Олдоно доо. Токио чинь том хот шүү дээ. Шөнөөр ажилладаг ганц ч гэсэн нарийн боовны газар бий байх.

иний хуучин “Королла”-г хөлөглөөд бид нарийн боовны мухлаг хайн шөнийн хоёр цаг хагасын үед
Токиогийн гудамжуудыг самнаж гарлаа. Би жолоо мушгиж, эхнэр маань замчлагчийн үүрэг гүйцэтгэн,
6

шөнийн гудмуудыг олз хайх өлөн бүргэд шиг харцаараа нэгжиж явав. Харин эхнэрийн маань халаасанд
үхсэн загас шиг хөндөлдөн хэвтэх урт, хөшүүн зүйл байсан нь Ремингтон хийцийн автомат гар буу. Хатуу
гадар нь эхнэрийн маань гялгар хүрэмний халаасны дотортой хавирч хуурай, хяхтанасан дуу гаргана. Бид
хоёр бас цанын хоёр хар баг, хэд хэдэн бээлий авч явлаа. Эхнэрт маань яагаад ч буу байсан юм, бүү мэд.
Бидний хэн нь ч цанаар гулгадаггүй болохоор цанын баг ч гэсэн хачирхалтай эд. Гэсэн ч эхнэр юу ч
тайлбарлаагүй, би ч асууж шалгаасангүй. Тэр үед гэр бүлтэй байна гэдэг хачин жигтэй юм байна даа гэсэн
бодол төрж билээ.

Ингээд бүрэн тоноглолтой эхнэр бид хоёр шөнөөр ажилладаг нарийн боовны мухлаг хайн Ёоёогигоос
Шинжүкү, Ёсүягаас Акасака, Аояма, Хироо, Роппонги, Дайканямагаас Шибүя хүртэл явав. Шөнийн
Токиод янз бүрийн хүн, дэлгүүр хоршоо байх мөртлөө нарийн боовны мухлаг л байхгүй юм. Хоёр ч удаа
бид эргүүлийн цагдаатай таарсан юмдаг. Нэг нь анзаараггүй царайлан замын хажууд зогсож байсан бол
нөгөө нь биднийг машинтайгаа сэмхэн дагаж байснаа, гэнэтхэн хажуугаар шурхийгээд өнгөрсөн.
Хоёуланд нь миний гар хөлөрсөн бол эхнэр маань тоосон шинжгүй явж байв. Нарийн боовны газар олтлоо
тэр ер тайвшрах шинжгүй. Түүнийг суудлаа засах бүрт халаасан дахь буу нь хуучны дэрэн доторх
гурвалжин будааны хальс шиг шажигнах мэт чимээ гаргана.

-Буцъя даа. Өдийд онгорхой газар байхгүй биз. Иймэрхүү юмыг төлөвлөж байж л хийхгүй бол...

Намайг үгээ гүйцээж амжаагүй байтал эхнэр “Зогсоорой!” гэж орилох нь тэр. Дугуйгаа чийхруулан байж
машинаа зогсоохтой зэрэгцэн “Энэ байна!” гэж эхнэр дуу алдлаа. Замын хажуугийн дэлгүүрүүд бүгд үүдээ
барьж, хоёр талаар анир чимээгүй ханан хэрэм үүсгэжээ. Үсчний газрын тод гэрлэн хаяг харанхуйд айж
сэрдхийм, хялар нүд шиг харагдана. Энэ шилэн нүдний цаана, 200-гаад метрийн зайд “МакДональдс”-ын
хамбургерийн зурагтай тод гэрлэн чимэглэл байх бөгөөд энэ хавьд эднээс өөр үзэгдэх юм алга.

-Энэ чинь нарийн боовны газар биш байна шүү дээ гэж би хэлэв.

Харин эхнэр маань юу ч хэлэлгүйгээр бээлийтэй хайрцагнаас хар туузан наалтуур гаргаж, машины ард
очлоо. Тэгээд миний гайхсан нүдний өмнө өвдөглөж байгаад машины дугаарын пайзан дээр өнөөхөө нааж,
машины өмнө очоод бас л хийснээ давтав. Тэр хэзээний дадлага туршлагатай хүн шиг энэ бүхнийг хийх
ажээ.

-Энэ “МакДональдс”-ыг дээрэмдэнэ ээ гэж хэлэхдээ тэрбээр оройн хоол болсныг зарлаж байгаа мэт хачин
тайван байв.

-“МакДональдс” чинь нарийн боовны мухлаг биш.

-Ялгаа юу байна? Чи жаахан уян хатан бай л даа. Алив, явъя.

Машинаа “МакДональдс”-ын зогсоол дээр тавиад буутал эхнэр даавуунд ороосон буу сарвайв.

-Би амьдралдаа бууны гохон дээр дарж үзээгүй гэж намайг эсэргүүцлээ илэрхийлэхэд эхнэр

-Заавал буудах албагүй шүү дээ. Зүгээр барьж бай. Миний хэлснийг л хий.

-“МакДональдс”-т тавтай морил гэж хэлэнгүүт нь л багаа зүүнэ шүү. Ойлгов уу? Тэгээд багаа зүүмэгцээ
байгаа бүх хүнийг нь нэг дор цуглуулаарай гэж тушаагаад

-Хоёулаа хэдэн хамбургер идэх бол? Гуч болох уу? гэж асуув.

-Болох байх аа гэж би арай ядан дуугарав.

Даавуунд ороолттой буу элстэй уут шиг хүнд, саргүй шөнө шиг хар юм.

-Заавал ингэх шаардлага байгаа юм уу даа? гэж би асуулаа. Үнэн хэрэгтээ энэ үгийн тал нь эхнэрт, тал нь
өөртөө тавьсан асуулт байв.

-Байгаа. Ингэхгүй л бол болохгүй.


7

Лангууны ард зогсох “МакДональдс”-ын таних тэмдэг бүхий малгайтай охин биднийг инээмсэглэн угтаж

-“МакДональдс”-т тавтай морил гэж уриалгахан хэлэв.

Ийм орой болсон хойно “МакДональдс” шиг газар жаахан охид ажилладаг гэж огт бодоогүй байсан тул
тэрхэн зуур би барьц алдлаа. Тэгэвч хормын дотор үүргээ санаж, багаа зүүв. Хаанаас ч юм гараад ирсэн
багтай хосыг хараад охины царай хувьсхийгээд явчихав. Үйлчлэгчтэй яаж харилцах тухай
“МакДональдс”-ын гарын авлагад иймэрхүү нөхцөл байдалд яах тухай заагаагүй нь мэдээж.
“МакДональдс”-т тавтай морил гэж хэлснийхээ дараа хэлэх учиртай мэргэжлийн үгээ бэлтгэж байсан тэр
л хөшүүн байдлаараа охины ам ангайж хоцорч, үг ч гарахааргүй болжээ. Гэсэн ч үүр хаяарахын хэрд
үзэгддэг нарийхан хавирга сар шиг үл мэдэг инээмсэглэл завьжных нь хавьд нуугдаж байлаа.

Би хамаг хурдаараа буугаа гаргаж, үйлчлүүлэгчдийн хэсэг рүү чиглүүлсэн ч байгаа хоёрхон хүн нь оюутан
бололтой бөгөөд хуванцар ширээн дээр толгойгоо тавин унтжээ. Ширээн дээрх хоёр толгойны дэргэд
гүзээлзгэний бололтой сүүн ундааны хоёр аяга үзэгдэх нь авангард зураг шиг харагдана. Тэд үхсэн юм
шиг унтжээ. Лав л бидний ажиллагаанд саад хийх шинжгүй тул би буугаа буцаад лангуу тийш хандууллаа.

“МакДональдс”-ын гурван ажилтан л байв. Лангуун дээр зогсоо охин, нүүр нь өндөг шиг хэлбэртэй, 30
дөхөж яваа болов уу гэмээр цонхигор менежер залуу, тогоочийн хувцастай, дүр төрхнөөс нь юу ч
мэдрэгдэхгүй, оюутан баймаар туранхай жаал. Тэд бүгдээрээ миний барьсан гар бууны хошуу руу эртний
Инкийн худаг руу өнгийх жуулчид шиг гөлөрч зогсов. Хэн ч орилж хашгирсангүй, хэн ч хэнийг ч айлгаж
сүрдүүлсэнгүй. Буу их хүнд байсан тул би гохон дээр хуруугаа тавьсан чигтээ бууныхаа хошууг тооцооны
машин дээр тавилаа.

-Би танд мөнгө өгье. 11 цагт орлогоо өгчихдөг болохоор их мөнгө алга л даа. Гэхдээ энд байгаа бүх
мөнгийг та ав. Бид даатгуулчихсан гэж сөөнгө дуутай менежер залуу хэлэв. Харин эхнэр маань түүний
үгийг үл тоож

-Урт хаалгаа түгжээд, хаягаа унтраа гэж тушаалаа.

-Тэгж болохгүй ээ. Бид зөвшөөрөлгүй хааж болдоггүй юм.

Эхнэрийг хэлснээ давтахад би менежерт хандаж

-Хэлснийг нь л хий гэж анхааруулав.

уу руу нэг, эхнэр рүү маань нэг харах менежер тээнэгэлзэж тээнэгэлзэж бууж өгөв бололтой, гэрлэн
самбараа унтрааж, үүдээ барилаа. Аюулын дохиолол асаачих вий гэж би түүнийг дагуулан харж байсан ч
“МакДональдс”-т тийм зүйл байдаггүйг бүгд мэдэх билээ. Магадгүй “МакДональдс”-ыг дээрэмдэх тухай
хэний ч санаанд орж байгаагүй байх.

Гаднах том хаалгыг хаахад хоосон хувинг бейсболын бөмбөгөөр нүдэх мэт их чимээ гарсан ч унтаж буй
хоёрыг сэрээж дөнгөсөнгүй. Бөх унтах тухай ярьсных, би их олон жил тэгж унтаагүй юм байна.

-Гучин том Мак өгчих. Авч явахаар гэж эхнэр хэлэв.

-Би танд зүгээр л мөнгөө өгчихье. Та тэгээд өөр газраас хүссэн юмаа ав л даа. Манай хамаг тооцоог
баллачихна шүү дээ.

Менежерийг ингэж учирлахад би “Хэлснийг нь л хий” гэж давтан хэллээ.

Гурван ажилтан гурвуулаа гал тогоонд орж, гучин том Мак бургер хийж эхлэв. Оюутан-тогооч махыг нь
шарж, менежер махыг талханд хавчуулж, охин боож байгаа харагдана. Хэн ч юу ч хэлсэнгүй.

Би том хөргөгч налж зогсоод, мах шарагч руу буугаа чиглүүллээ. Дугуй махан таташнууд хайруулын том
дэлгэц дээр даашинзны бор дугуй толбонууд шиг харагдана. Шарсан махны сайхан үнэр биеийн минь бүх
л нүх сүвээр дотогшилж, цусанд минь хүртэл шингэн, ор хоосноор таглагдаад байсан өлсгөлөнгийн үүрийг
минь нээж, ягаарч эхэлсэн хана өөд нь мацаж эхлэв. Хажууханд овоороостой бургерийн хэмжээ өсөөд л
байв. Би нэгийг нь аваад урж тасчин идмээр байсан ч тэгэх нь бидний ажиллагаанд зохистой үгүйг
8

мэдэхгүй юм. Хүлээхээс өөр аргагүй гэж би өөртөө хэллээ. Ядахнаа халуун гал тогоонд цанын багтай
зогсоог хэлэх үү, халууцаж бүгчимдэнэ гэж жигтэйхэн.

“МакДональдс”-ынхан үе үе буу руу хялайна. Сандрахаар чих загатнаад байдаг тул би чигчий хуруугаараа
чихээ маажаад байсан нь, тэгэх тоолонд бууны ам хөдлөөд байсан нь тэднийг айлгасан бололтой. Намайг
сум алдчих вий гэж айсан байх. Гэхдээ гох нь түгжээтэй байсныг тэд мэдэхгүй, би ч тэдэнд хэлье гэж
бодоогүй юм.

Эхнэр маань бэлэн болсон бургеруудыг тоолж, хүнсний жижигхэн хоёр уутанд хувааж хийлээ. Тооцооны
хэсэгт зогсох охин

-Ийм их бургерээр яах гэж байгаа юм бэ? гэж надаас асуув.

-Мөнгө аваад явж болно шүү дээ. Өөр юм авч идэхгүй юү. Гучин том Мак идэх ямар хэрэг байна?

Би дэмий л толгой сэгсрэв. Харин эхнэр маань түрүүчийн ширүүн дориун өнгөө өөрчилж, тайлбар тавьж
гарлаа.

-Биднийг үнэхээр уучлаарай. Нарийн боовны газар олдсонгүй. Онгорхой газар байсан бол танайд орж
ирэхгүй л байх байлаа.

Энэ үг “МакДональдс”-ынхныг тайвшруулав бололтой. Юутай ч дахиад юм асуусангүй. Эхнэр маань


нэмж хоёр том “Кока-Кола” захиалж, энэ удаад мөнгөө төлөв. Хачин үйлдлээ эхнэр маань

-Бид хоёр, талх л хулгайлах гэсэн юм. Өөр юмгүй гэж тайлбарлахад охин дохисон, сэгсэрсэн нь
ялгагдахгүй, толгойгоо сэжлэв. Түүнд ямар санагдаж байгааг би мэдэрч байсан болохоор энэ үйлдэл нь
ямар учиртай талаар гайхаж бодсонгүй. Эхнэр тортойгоо авч, би буугаа даавуунд нь ороож, бид дээрмээ
дуусгав. Ширээн дээр унтаж байгаа хоёр сэрэх янз алга. Далайн гүнд хэвтэх загас шиг харагдах энэ хоёрыг
нойрноос нь тэр гүнд хүртэл аваачихад юу хэрэгтэй юм бол доо?

“МакДональдс”-оос гараад бид хагас цаг хэртэй давхиж, эзэнгүй зогсоол олоод тухалж авав. Би хоосон
ходоодныхоо мухар руу зургаан том Мак чулуудсан бол эхнэр дөрвийг идэж, хоёулаа “Кока-Кола”-гаа
уув. Арын суудалд, торон дотор 20 том Мак үлдлээ. Биднийг гэнэтхэн дайрсан, хэзээ ч үгүй болохгүй мэт
байсан айхтар хүчтэй өлсөх мэдрэмж гэгээ орохтой хамт үгүй болсон юм. Хотын дээр туссан нарны анхны
туяа барилга байшингуудын халтар ханануудыг нил ягаан өнгөөр будаж, өндөр цамхагийн орой дээрх
“SONY BETA” хэмээсэн аварга том зарлалын самбар аймшигтай хурц өнгөөр солонгорч эхлэв. Удалгүй
хурдны замын дуу шуугиан шувуудын жиргээтэй сүлэлдэж, Америкийн цэргийн радиогоор кантри
хөгжим явахад эхнэр бид хоёр нэг янжуур хувааж татлаа. Удалгүй эхнэр маань мөрөн дээр минь толгойгоо
тавин амсхийв.

-Ийм юм хийх хэрэг байж уу? гэж намайг асуухад тэр өнөөх л итгэлтэй өнгөөрөө

-Байлгүй яахав гэж хэлээд нэг гүнзгий санаа алдсанаа намайг налсан чигтээ жаахан муужгай шиг унтаад
өгөв.

Ганцаараа үлдсэн би завиныхаа нэг тал руу налж суугаад, тэнгисийн ёроол руу өнгийлөө. Өнөөх галт уул
алга болчихжээ. Тэнгисийн мандал хөх тэнгэрийг тольдож, амгалан гэгч нь цэлийнэ. Сэвшээ салхинд
хийсэх унтлагын торон хувцас шиг харагдах бичилхэн давалгаанууд завийг минь алгадахаас өөр юу ч
мэдрэгдсэнгүй. Завин дотроо хөлөө жийн, нүдээ анин суугаад би хүчтэй давалгаа ирэхийг, тэр л намайг
байх ёстой газар руу минь аваачихыг хүлээж билээ.

 ОГИУДАС 1979
Олон жил өдөр алгасалгүй уйгагүй тэмдэглэл хөтөлдөг ховорхон чадварынхаа ачаар мань эр бөөлжиж
эхэлсэн өдрөө яг таг тэмдэглэж, бөөлжихөө больсон өдрөө ч алдалгүй тогтоожээ. 1979 оны 6 сарын 4-ны
9

(цэлмэг) өдөр бөөлжиж эхлээд 1979 оны 7 сарын 14-ны (бүрхэг) өдөр гэнэт больсон аж. Нэг өгүүллэгийн
маань зурган дээр ажилласнаас хойш бид танилууд болсон түүхтэй.

Мань эр надаас цөөвтөр дүү авч бид хоёул хуучны жазз пянз цуглуулах хорхойтой байв. Надаас ялгаатай
нь тэр найзуудынхаа эхнэр, найз хүүхнүүдтэй загас наадуулчихдаг гэмтэй. Хэдэн жил тойрон чамгүй олон
найзынхаа хүүхнүүдтэй энгэр зөрүүлсэнээ надад эрээгүй хуучилсан юмдаг. Найзыгаа шар айрганд гүйгээд
ирэх хооронд ч юмуу эсвэл шүршүүрт орох зуур гялс амжуулчихсан удаа ч бий.

“Яаруу үед хувцсаа тайлалгүй хурдхан амжуулах нь чухал. Жирийн нэг бэлгийн ажил сунжирч гүйцдэг
байх аа? Үе үе тэс өөр арга барил туршиж үзэх хэрэгтэй. Нүд нээгдэх шиг л болно. Дээр нь зугаатай” гэж
тэр хуучилсан юм.

Мэдээж мань эр авхаалж самбаа шаардсан ийм бушуу бэлгийн ажилд дурладаг хэрэг биш. Уламжлалт
маягаар, айвуу тайвуу хийх ч үе бий. Гол нь найзынхаа эхнэр, хүүхнүүдтэй унтах л түүнийг чинээнд нь
тултал өдөөдөг хэрэг.

-Надад найзуудаа доромжилж, мэхлүүлж, басамжлагдсан нөхрийн дүрд хувилгах ямар ч сонирхол
байхгүй. Хүүхнүүдтэй нь унтахаар найзуудтайгаа улам дотносож, гэр бүл шиг болдог юм. Эцсийн бүлэгт
энэ чинь ердөө л нэг секс. Нууцалж л чадвал хэнийг ч гомдоохгүй.

-Ер мэдэгдэж байгаагүй гэж үү?

-Огт үгүй гэхдээ зураач маань миний асуултанд үл ялиг гайхав бололтой.

-Үнэнийг илчлэх далд хүсэл дотор чинь буцлаагүй бол иймэрхүү зүйл хэзээ ч ил болдоггүй юм.
Найзууддаа хар авхуулах үг унагах, үйлдэл хийхээс болгоомжлох нь зүйн хэрэг. Анхнаасаа л цаад
бүсгүйдээ энэ бол саваагүй тоглоом төдий зүйл, хэнийг ч гомдоож, шархлуулах санаагүй гэдгээ тодорхой
ойлгуулах хэрэгтэй. Мэдээж шууд пал хийтэл хэлэхгүй эвтэйхэн ойлгуулна.

Ор хөнжлийн ярвигтай харилцааг ийм хялбархан залж болдогт итгэхэд бэрх ч мань эр мундаг эр болох
гэж худал чалчих нэгэн шиг санагдаагүй тул би түүний ярианд үнэмшсэн юм.

-Гол нь ихэнх хүүхнүүд ийм учрал нууцхан мөрөөсөж явдаг юм. Тэр хүүхнүүдийн нөхөр, амрагууд, өрөөр
хэлбэл миний найзууд надаас хавьгүй илүү залуучууд байсан: надаас царайлаг, ухаалаг, эрхтэн нь ч
минийхээс том. Гэвч хүүхнүүдэд иймэрхүү үзүүлэлтүүд онц биш. Өөрийнх нь эр элдэв гаж авиргүй,
эелдэг, ойлголцоход амар бол тэгээд л болоо. Хүүхнүүд өөрийг нь “найз охин” эсвэл “эхнэр” гэсэн ердийн
дүрээс нь өөрөөр харж, сонирхох эрийг нууцхан хүсэмжилж байдаг юм. Энэ бүхний цаад учир ердөө л
энэ. Мэдээж өнгөндөө олон янзын шалтгаан харагдана.

-Тухайлбал?

-Жишээ нь араар нь тавьдаг нөхрөөсөө хариугаа авах, нэг хэвийн бэлгийн ажлаас уйдах, нөхрөөсөө өөр
эрд тоогдохтойгоо мэдрэх гэдэг ч юм уу. Ганц харахад л андашгүй. Гол нь үүнийг мэдэрдэг болно гэхэд
хэцүү, төрөлх авьяас хэрэгтэй. Чамд нэг бол ийм авьяас заяасан байна эсвэл үгүй.

Түүнд тогтмол харилцаатай байдаг найз бүсгүй байсангүй.

Өмнө хэлсэнчлэн бид хоёул пянз цуглуулах хорхойдоо хөтлөгдөн хааяа уулзаж пянз солилцдог байв. Хэн
хэн нь 50 он, 60-аад оны эхэн үеийн пянз цуглуулах боловч сонирхол өөр болохоор пянзнуудаа солилцоход
урамтай. Би Баруун эргийн нэрд гараагүй хөгжимчдыг түлхүү сонирхдог бол мань эр Коулмен Хокинс
юмуу Лайонел Хэмптон зэрэг аядуухан хөгжимчдийн пянзыг илүү цуглуулна. Түүнд Виктор дуу
бичлэгийн студид бичүүлсэн Пит Жоллигийн гурвал байгаад надад Вик Дикенсоны Мэйнстрим олдвол
тун сайхан солилцоо болох жишээний. Бид хоёр шар айраг уунгаа солилцсон пянзаа тоглуулж өө сэвийг
нь шалгангаа хөөрөлдөж суух дуртай байлаа.

* * *

Ийм нэг солилцооны үеэр тэр надад бөөлжисний тухай жигтэй түүхээ хуучилсан юм. Бид түүний гэрт
виски уунгаа яриа маань хөгжмөөр эхэлж согтуу үеийн элдэв хөгтэй явдлуудаар үргэлжилж байв.
10

-Би нэг удаа 40 хоног тасралтгүй бөөлжиж байсан юм. Нэг ч өдөр алгасаагүй. Мэдээж ууснаас болоогүй.
Өвдөж зовсон явдалгүй. Зүгээр л бөөлжөөд байсан. 40 өдөр тасралтгүй бөөлжсөн. 40 өдөр. Айхавтар
байсан шүү.

Эхний удаад 6 сарын 4-ний өдөр гэнэт огиудас нь цутгаж бөөлжиж гарчээ. Урд орой нь багагүй виски,
шар айраг залчихсан байсан болохоор тэгтэл гайхсангүй. Мөн 6 сарын 3-ны шөнө сурсан янзаараа
найзынхаа эхнэртэй энгэр зөрүүлээд амжсан байжээ.

Өглөөний 8 цаг гэхэд мань эр ходоодоо хоосортол жорлон луугаа бөөлжсөн авч элдвээр хүндрүүлэн бодож
сүржигнэсэнгүй. Их сургуулиа төгссөнөөс хойш хэтрүүлж ууснаас болж анх ийн бөөлжсөн ч хэрэг биш
байлаа. Тиймээс тэр жорлонгийн усаа татаж бөөлжсөө муу усны хоолой руу урсгаж орхиод ажиллахаар
ширээнийхээ ард сууж авав. Үнэндээ тийм сүртэй шартсангүй. Харин ч онцгой урам зоригтойгоор зургаа
эхлүүлсэн гэхэд болно. Ажил нь ч урагштай ахисаар үдийн хэрд бие нь хэвийн байдалдаа эргэн оржээ.

Өдрийн цайндаа гахайн утсан мах, өргөст хэмхтэй хачиртай талх идэж, нэг лааз шар айраг хүртэл ууж.
Гэтэл хагас цагийн дараа хамаг биеэр нь огиудасны түрлэг гүйж хачиртай талхаа жорлон руу юу ч үгүй
гаргаж орхих нь тэр. Талхны өөдөс, гахайн утсан махны хэлтэрхий султуурын усанд хөвж байлаа. Тэгсэн
ч бие нь тийм дор байсангүй. Ердөө бөөлжсөнөөс цаашгүй. Тэгмэгц хоолойд тээглэснээ гаргах гэж
өвдөглөж суугаад суултуур луу өнгийв үү үгүй юу илбэчин бортгон малгайнаас тагтаа, туулай, урт тууз
мэтийг завсаргүй хөврүүлэн гаргах шиг гэдсэн доторх нь хормын дотор юүлэгдэж орхив.

-Оюутан байхдаа мал болтлоо уух юм уу автобусанд удаан явахаар дотор муухайрч бөөлжсөн удаа
цөөнгүй, гэвч энэ удаагийнх нэг л жигтэй байв. Гэдэс мушгиж өвдсөнгүй. Ердөө гэдсэнд орсон бүхэн ямар
ч зовиургүй буцаж гараад байлаа. Бөөлжисний эхүүн үнэр танар ч үгүй. Тэгмэгц л хачин жигтэй санагдаад
явчихсан. Ганц биш хоёр ч удаа ингэж ойр ойрхон бөөлжсөн болохоор сэтгэл түгшиж нэг хэсэгтээ
согтууруулах ундаанаас хол байхаар шийдсэн юм.

Бөөлжисний дараагийн түрлэг яг маргааш өглөө нь тохиожээ. Өчигдөр идсэн могой загас, өглөөний
цайндаа хүртсэн жимсний бүржмэлтэй маффинаа тэр чигээр нь бөөлжөөд гаргачихав.

Тэгээд шүдээ угааж байтал утас хангинах нь тэр. Харилцуураа автал эрэгтэй хүн нэрээр нь дуудсанаа утсаа
тасалчихжээ.

-Унтсан хүүхнүүдийн чинь нөхөр юмуу найз залуу биш үү? гэж намайг асуутал

-Яавч биш. Би тэдний хоолойг андахгүй. Тэгэхэд огт танихгүй эрийн хоолой байсан. Тун зэвүүн хоолой.
Тэгтэл 6 сарын 5-аас 7 сарын 14 хүртэл өдөр бүр ийм дуудлага ирдэг боллоо. Бөөлжих үетэй давхцсаныг
та төвөггүй ойлгосон биз.

-Тийм ээ, гэхдээ бөөлжис, утасны дуудлага ямар хамааралтайг ойлгохгүй байна.

-Би ч учрыг нь олоогүй. Тиймээс л цухал төрөөд байдаг юм. Дуудлага бүр яг ижил. Утас дуугарна,
харилцуур авмагц миний нэрийг хэлээд тэр даруй тасалчихна. Өдөрт нэг удаа, өглөө юм уу орой, эсвэл
бүр шөнө дунд өдөр алгасалгүй залгана. Утсаар ажлын санал ирэх, заримдаа хүүхнүүд залгадаг байсан
болохоор утсаа авахгүй байж болоогүй.

-Тийм байж...

- Бөөлжис, дуудлага аль аль нь өдөр алгасахгүй үргэлжилсээр байсан. Тэр хооронд идсэн бүхнээ хуу
гаргасан гэхэд болно. Тэгээд өлсмөгцөө ахиад л иднэ, идмэгцээ юу ч үгүй бөөлжчихнө. Чөтгөрийн тойрог
л гэсэн үг. Гэхдээ ядаж идсэн хоолныхоо гуравны нэгийг биедээ шингээж үлдээж байсан тулдаа хэвийн
амьдраад байсан биз. Цөмийг нь бөөлжөөд гаргачихдаг бол дуслаар хооллохдоо хүрэх байсан нь
дамжиггүй.

- Эмчид үзүүлээгүй юу?

- Үзүүлэлгүй яахав. Гэрийнхээ ойролцоох чамгүй том эмнэлэгт очиж үзүүлсэн. Рентгэн зураг авхуулж,
шээсний шинжилгээ хүртэл өгсөн. Хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй учраас эмч нар тун
хянамгай шинжилж байсан. Гэвч гаж буруу юу ч илрээгүй. Би цоо эрүүл байсан шүү. Надад ердөө
сэтгэцийн зовиураас үүдэлтэй “архаг гэдэсний хямрал”-д уудаг эм бичиж өгөөд, “эрт унтаж, эрт сэр” гэж
11

зөвлөөд, хэсэгтээ согтууруулах ундаа хэрэглэхгүй тайван бай гэсэн. Гэхдээ ямар даажигнаж байгаа биш?
Гэдэс хямрахад ямар байдгийг би сайн мэднэ, гэдэс нь хямраад байхад мэдэхгүй явдаг мулгуу амьтан гэж
хаа байхав. Гэдэс хямарсан бол гэдэс хүндэрч, шар хөөрч, хоолны дуршил буурах учиртай. Зүв зүгээр
бөөлжөөд байхгүй. Гэтэл би гэдэг хүн зүгээр л бөөлжөөд байдаг. Гэхдээ цаг ямагт ходоод хонхолзохоос
өөрөөр бүх зүйл сайхан, ухаан санаа ч цэлмэг байсныг хэлэх хэрэгтэй.

- Сэтгэцийн зовиур гээч юм угаас надад байхгүй. Заримдаа ажил овоорч ачаалалтай ажиллах хэрэг гардаг
ч байнга биш, хүүхнүүдийн хувьд ч элдэв асуудалгүй. Дэрээс нь би долоо хоногт хоёр юмуу гурван удаа
усанд сэлдэг гэхээр сэтгэл зовох зүйлгүй байгаа биз?

- Тийм л юм даа.

- Зүгээр л бөөлжөөд байсан, тэгээд л гүйцээ.

Бөөлжис намдахгүй, жигтэй утасны дуудлага ч тасрахгүй байсаар хоёр долоо хоногийг үзжээ. Мань эр яг
15 дахь хоног дээрээ тэвчээр алдарч ажлаасаа чөлөө авав. Бөөлжихөө больдоггүй юмаа гэхэд өнөөх хачин
дуудлагаас зайлсхийх зорилгоор зочид буудлын өрөө хөлсөлж өдрийг зурагт үзэж, ном уншиж баржээ.
Эхэндээ ч орчноо сольсон нь үр дүнтэй санагдсан байна. Өдрийн хоолондоо идсэн үхрийн шарсан махтай
хачиртай талх, ногооны зуушаараа бөөлжсөнгүй. Гурван цагт зочид буудлын цайны өрөөнд найзынхаа
хүүхэнтэй уулзаж интоортой бялуу ходоод руугаа гулгуулж, хар кофе ууж дөнгөжээ. Дараа нь өнөөх
хүүхэнтэйгээ нэг оронд орох ажил нь ч саадгүй бүтэв. Зочид буудлаас гарч хүүхнийг гэрт нь хариулчихаад
мань эр ойролцоох ресторанд ганцаараа оройн зоог барьж Киото маягаар грилдэж шарсан дүүпүүтэй гэрэм
загас, байцааны салат, мисо шөл, аяга цагаан будаатай иджээ. Шинээр тогтоосон дэглэмээ сахих үүднээс
архи дарсанд ам хүргэсэнгүй. Зоогийн газраас гарахад оройны 6:30 болж байжээ.

Буудалдаа ороод мэдээ үзэж байгаад Эд Макбейны 87 дахь тойрог романыг эхлүүлжээ. 9 цаг болсон ч
огиудас хүрсэнгүйд санаа нь бүрэн амарч, сүүлийн хоёр долоо хоногт анх удаа гэдэс цатгалан байхын
сайхныг мэдрэв. Амьдрал нь эргээд хэвийн байдалдаа орсон шиг санагджээ. Тэр даруй номоо хамхиад
зурагт асааж суваг сольж байтал хуучны Вестерн кино таарахаар нь үзэж орхив. Кино дуусч үдшийн мэдээ
эхлэх үеэр зурагтаа сая нэг унтраасан байна. Унтахын өмнө доод давхрын баар орж ганц хундага виски
татах хорхой ассан ч биеэ барьж дөнгөжээ. Сайхан өдрийг дэмий баллаад яах билээ? Тэгээд мань хүн
гэрлээ унтрааж хөнжилдөө шургалав.

Тэгтэл шөнө дунд утас дуугарах нь тэр. Нойрмог нүдээр цагаа харвал шөнийн 2:15 болж байв. Нойрмог
амьтан утасны хонх дуугарч байгааг бүрэн ухамсарлаагүй ч хар зөнгөөрөө харилцуур авч чихэндээ наажээ.

-Байна уу?

Өнөөх танил хоолой нэрийг нь хэлсэнээ тэр даруй утсаа тасалчихав.

-Тэр буудалд байгаагаа хэнд ч хэлээгүй гэсэн байх аа? гэж би хачирхан асуув.

-Тийм ээ, энгэр зөрүүлсэн хүүхнээсээ өөр хүнд мэдэгдээгүй.

-Тэгвэл тэр хүүхэн чинь хүнд хэлж дээ.

-Яах гэж тэгсэн байх вэ?

Нээрээ л олигтой тайлбар олдсонгүй.

-Тэр дуудлагын дараа би гэдсэн дэхь хамаг хоолоо ахиад л юүлж орхисон. Будаа, загас гээд цөмийг. Өнөөх
дуудлага бөөлжис биеэс гадагшлах хонгилын хаалгыг нээсэн мэт л байсан.

-Гэдсэн дэхээ бөөлжиж бараад би угаалгын онгоцны ирмэг дээр суугаад жаал бодож үзлээ. Утасны
дуудлага хэн нэгний найруулсан хоржоонтой тоглоом эсвэл андуурал биз гэж таав. Намайг буудалд
байсныг хэрхэн олж тогтоосныг мэдэхгүй ч надаар даажигнаж байж болох юм. Эсвэл би хий юм төсөөлсөн
ч байж магад. Хэдий өөртөө золгүй санагдавч байдлыг эргэцүүлэх тусам үгүй гэх газаргүй байв. Би утас
дуугарч байна гэж хий төсөөлж харилцуур аваад миний нэрээр шивтнэх хоолойг сонслоо гэж бодсон ч юм
билүү. Ямартай ч үгүй гэх газаргүй, тйим биз?
12

-Тийм ээ, магадгүй юм...

-Би буудлын хүлээн авахад хандаж миний өрөөний утсанд дуудлага ирсэн эсэхийг тодруулах гэсэн ч
бүтэлтэй юм болоогүй. Тэднийх буудлаас залгасан дуудлагыг бүртгэх системтэй боловч буудал руу
залгасныг бүртгэх бололцоогүй байж таарсан. Тиймээс мэдэх арга байгаагүй.

-Буудалд өнгөрөөсөн тэр шөнө миний хувьд шийдвэрлэх хормууд болсон. Тэр шөнө анх удаа бөөлжис,
утасны дуудлага хоёрын талаар нухацтай эргэцүүлж, хоорондоо холбоотой ч байж болохыг ухаарсан юм.
Миний амьдралд тохиосон сайхь жигтэй хослолыг хөнгөнд бодож, басамжилж болохгүй нь тодорхой
болов.

-Өнөөх буудалд хоёр хоноод гэртээ буцсаны дараа ч бөөлждөгөөрөө бөөлжиж, хачин дуудлага ирдгээрээ
ирсээр л байв. Хэдэн удаа найзуудаа ханьж болгож хамт байж үзсэн ч утасны дуудлага намайг ганцаараа
байх үеийг яаж ийж байгаад мөшгиж олчихоод байв. Үл үзэгдэгч алхам бүрийг минь мөшгиж намайг
ганцаараа үлдмэгц залгах гэж, хуруугаа хоолой руу минь дүрэх мөчийг отон хүлээж байх шиг санагдахад
нуруугаар хүйт даагаад явчихна. Ингэж бодно гэдэг шизофрени өвчний анхны шинж тэмдэг шүү дээ.

-Магадгүй ээ. Гэхдээ өөрийгөө шизофренитэй болж байна гэж түгшдэг шизофрени өвчтэй хүн нэг их олон
биш дээ.

- Тийм ээ, таны зөв. Бөөлжис, шизоферни хоёр ямар ч холбоогүй. Ямартай ч их сургуулийн эмнэлгийн
сэтгэл засалч тэгж айлдсан шүү. Намайг шинжилж үзээ ч үгүй. Баараггүй оноштой өвчтнүүдийг л үздэг
бололтой. Өдөрт минийх шиг шинж тэмдэгтэй хоёр, гурван хүн ирдэг, ирсэн болгоныг оношилж, эмчлэх
хүн хүч, бололцоо байхгүй гэсэн. Тиймээс би дотрын эмчид үзүүлж, утасны дуудлагаа харин цагдаад
мэдэгдэх хэрэг гарсан.

- Даанч цагдаа хоёр тохиолдлыг ер хайхардаггүйг та юу эс андах вэ: утсаар тоглох, дугуйны хулгай хоёр.
Өдөрт гардаг хэдэн зуун гэмт явдалтай харьцуулахад эд бол шалихгүй хэрэг. Цагдаагийн алба мэдээж
цөмийг мөрдөж хүчрэхгүй. Тиймээс ч миний гомдлыг ойшоож үзээгүйд би тэгтэл гонсойгоогүй. Хачин
дуудлага ирэх болсоон? Юу гэж байна? Нэрийг чинь хэлсээн? Тэгээд л болоо юу? За, энэ өргөдлийг
бөглөөд илүү ноцтой зүйл гарвал бидэнд мэдэгдээрэй. Ингээд л надаас бушуухан салахын түүс
болцгоосон. Тэр залуу миний хаа байгаа газрыг яаж мэдээд байдаг билээ гэж хэлж үзсэн ч тусыг олоогүй.
Их зүйл шаардвал намайг ухаан санаа нь зүгээргүй амьтан гэж хардах шинжтэй.

- Ингээд эмч, цагдаагийн хэн нь ч надад туслахгүй нь тодорхой болов. Би өөрөө л учрыг олохоос аргагүй
боллоо. “Бөөлжистэй утасны дуудлага” ирснээс хойш яг 20 хонож байхад би энэ гарцаагүй нөхцөл
байдлыг ухаарсан юм. Өөрийгөө бие, сэтгэлийн чамгүй хаттай гэж боддог байсан ч энэ удаад бүр нурмайх
шинжтэй.

- Өнөө найзынхаа хүүхэнтэй зүгээр байсан уу?

- Бүх юм сайхан. Найз маань ажлаар хоёр долоо хоног Филиппини явсан хойгуур бид хоёр хэд хэд
зугаацаад авсан.

- Тэр хүүхэнтэй байхад дуудлага ирээгүй юу?

- Ганц ч ирээгүй. Тэмдэглэлээ шалгаж болох ч тэгэх шаардлагагүй биз. Утасны дуудлага намайг ганцаараа
байхад л ирдэг. Бөөлжис ч ялгаагүй. Үүнээс үүдээд би хичнээн их ганцаараа байдгаа ухаарах болсон.
Өдрийн хорин гурван цагт ганцаараа байдгаа мэдсэн. Би ганцаараа амьдардаг, ажил төрлийн шугамаар
хүнтэй ховорхон уулзана, ихэнх ажлаа утсаар зохицуулчихна, найз хүүхнүүд маань ч өрөөл бусдынх, гол
төлөв гадуур хооллоно, хичээллэдэг ганц спорт маань усанд сэлэх, хуучны пянз ганцаараа сонсох дуртай,
ажлынхаа ард ч ганцаараа нухаж байж л гардаг. Хэд хэдэн найзтай ч ийм насан дээр цөм амьдрал хөөж
нөхөрлөлдөө цаг гаргах нь ховор болдог. Та ч мэдэж байгаа биз.

- Тийм ээ, ойлгож байна.

Тэр мөстэй хундагандаа виски хийгээд хуруугаараа хутгаснаа нэг балгав.

-Тэгээд би цаашид яахаа нухацтай бодож үзсэн. Одоо яах вэ? Тэр дуудлага, бөөлжис хоёроос болж хэдий
болтол зовох вэ? гэж өөрөөсөө асуув.
13

- Өрөөлийн биш өөрийн найз хүүхэнтэй болох байж.

- Би ч наадхыг чинь бодоогүй биш бодож үзсэн. Тэгэхэд би 27-той байсан гэхээр төвхнөж суурьшихад
боломжийн нас. Даанч би тийм хүн биш. Тийм амар бууж өгөхийг хүсээгүй. Бөөлжис, шал дэмий утасны
дуудлагаас болж дуртай амьдралын хэв маягаа өөрчилж шалдаа буухыг хүсээгүй юм. Тиймээс ч би
тэмцэхээр шийдсэн. Бие, сэтгэлийнхээ сүүлчийн дусал хүчийг шавхартал тэмцэнэ гэж өөртөө амалсан.

- Хөөх.

- Мураками, та харин яах байсан бэ?

- Бүү мэд гэж би итгэлгүйхэн дуугарав. Үнэхээр л мэдэхгүй байлаа.

- Түүнээс хойш өнөөх бөөлжис, дуудлага хоёр өчүүхэн ч саарсангүй. Би ч чамгүй турж эцлээ. Байзаарай,
энд байна: 6 сарын 4-нд би 72 кг байсан бол, 6 сарын 21-нд 67 кг, 7 сарын 10-нд 64 кг болтлоо турсан
байна. Хөөх, бүр 64 кг шүү. Миний өндөртэй харьцуулахад даанч найгүй үзүүлэлт. Хувцас хунар ч
таарахаа байлаа. Шувтраад болохгүй өмдөө байн байн татаж явах хэрэг гарна.

- Би нэг юм асууя: Яагаад автомат хариулагчтай утас аваад тавьчихаж болоогүй юм бэ?

- Би хулчийж зугатахыг хүсээгүй юм. Тэгсэн бол дайсандаа ялагдсанаас өөрцгүй. Сэтгэлзүйн тулаан
явагдаж байсан хэрэг. Нэг бол тэр шантрана, эсвэл би эцсээ үзнэ. Бөөлжист ч би яг ингэж хандах болсон.
Бөөлжсийг жин хасах сайхан далим гэж хүлээж авахаар шийдсэн. Азаар нэмж турж эцээгүй болохоор
зургаа зурж, ахуйн аар саар ажлаа амжуулах тэнхээтэйгээ үлдсэн. Уухаас ч буцахаа байсан. Өглөөний
цайн дээрээ шар айраг, орой нар унахаар хэдэн хундага виски татчихдаг болов. Уусан уугаагүй
бөөлжихөөс хойш өөрийгөө хорьж суухын хэрэг юун? Тааваараа уухад ч сайхан байлаа.

-Төдөлгүй хадгаламжаасаа жаахан мөнгө авч биедээ таарсан хослол, хоёр өмд захиалж хийлгүүллээ.
Оёдолчны толинд туранхай биеэ харж зогсоход тийм ч муухай санагдаагүй. Сайн бодоод үзвэл бөөлжинө
гэдэг сүртэй асуудал биш. Цагаан мах эргэх, шүд өвдөхөөс шаналгаа багатай, гүйлгэж, суулгаснаас
хавьгүй цэвэрхэн. Хорт хавдар биш, шим тэжээлээ эргэж нөхөөд байвал бөөлжинө гэдэг үнэндээ гэм
хоргүй зүйл байв. Америкт ч жин хасах зориулалттай бөөлжүүлэх эмнүүд зарж л байдаг.

-Бөөлжис, утасны дуудлага хоёр 7 сарын 14 хүртэл үргэлжлээд л больсон гэлүү?

- За байз, яг таг хэлбэл 7 сарын 14-ны өглөө 9 цаг 30 минутад шарсан талх, улаан лоолийн салат идэж, сүү
ууснаараа хамгийн сүүлд бөөлжсөн байна. Тэр өдрийн орой 10:25-д Эролл Гарнерийн пянз сонсоод виски
ууж суухад хамгийн сүүлд өнөөх дуудлага ирсэн юм байна. Ингэж тэмдэглэл хөтлөх нь хэрэгтэй байгаа
биз?

- Тийм юм аа гэж би аргагүй хүлээн зөвшөөрөөд –тэгээд 7 сарын 14-нөөс хойш хоёулаа больчихсон хэрэг
үү? гэж асуув.

- Тийм ээ. Яг л Хичкокийн Шувуу кино шиг. Маргааш өглөө нь хаалгаа нээхэд ёрын шувуунууд ор мөргүй
алга болчихсон байдаг шиг тэр өдрөөс хойш өнөөх хачин дуудлага, бөөлжис аль аль нь сураггүй болсон.
Би ч эргээд хэвийн жиндээ орсон. Өнөөх шинэ хослол, өмдөө харин дурсгал болгож шүүгээндээ хадгалдаг
юм.

- Утасны залуу эцсээ хүртэл ганц чиний нэрийг л хэлсээр байсан уу?

Зураач маань над руу хальт харснаа толгойгоо үл ялиг сэгсрэв.

-Үгүй ээ. Сүүлчийн дуудлага нь өөр байсан. Эхлээд өнөөх л янзаараа миний нэрийг хэлсэн. Дараа нь харин
“Намайг хэн гэдгийг мэдэх үү?” гэж асуусан. Тэгээд дуугаа хураачихаар нь би ч гэсэн чимээгүй чагнаад
зогсоод байсан. Хэн хэн нь үг дуугүй 10, 15 хором болтол өнөөх чинь утсаа тасалчихсан.

- Намайг хэн гэдгийг мэдэх үү? гэхээс өөр үг хэлээгүй гэж үү?
14

- Тийм ээ, хэлээгүй. “Намайг хэн гэдгийг мэдэх үү?” гэж үг бүрчлэн тодорхой хэлснээс өөр зүйлгүй.
Хоолой нь ч тэр танил биш. Ямартай ч сүүлийн 5, 6 жил харьцаж байгаа хүмүүс дотор тийм дуутай хүн
байхгүй. Хүүхэд насны танил юм уу үг солихоос хэтрээгүй хэн нэгэн байж болох ч тиймэрхүү хүмүүст
надад өш санахаар элдэв юм хийснээ санахгүй байгаа юм. Мэдээж хайр дурлалын амьдрал маань цэлмэг
тэнгэр шиг өө сэвгүй биш. 27 жил хорвоогийн тоос хөдөлгөчихөөд огтын хир буртаггүй амьтан гэж
өөрийгөө хэлэхгүй. Гэхдээ л би надтай холбогдож байсан хүмүүсийн хоолойг сонсмогцоо л танина.

- Тийм ээ, найз нөхдийнхөө хүүхнүүдтэй энгэр зөрүүлэх нь энгийн хэрэг биш.

- Тэгэхээр ноён Мураками, би өрөө ч сайн ухамсарлаагүй байхад миний дотоод гэм буруу намайг
бөөлжүүлж, хий юм сонсоход хүргэсэн гэх гээд байна уу?

- Үгүй ээ, би биш чи л өөрөө тэгж хэллээ.

- Хмм гээд тэр вискинээсээ балгаад өрөөний адар ширтэн бодлогошрон суув.

- Ийм хувилбар ч байж болох юм. Найзуудын чинь нэг хувийн мөрдөгчөөр чамайг мөрдүүлж, сургамж
өгөх үүднээс утсаар дарамтлуулсан байж мэднэ. Бөөлжис яахав дээ, зүгээр тохиолдол ч юм билүү.

-Хмм гэж тэр дуугарснаа – Болох л юм. Ийм болоод л та зохиолч, би зураач болсон биз. Хувийн мөрдөгч
энэ тэр үнэн байлаа ч би найзуудынхаа хүүхнүүдтэй унтахаа болиогүй атал өнөөх дуудлага гэнэт л
больчихсон. Яагаад тэгдэг билээ? Нэг л авцалдахгүй байна.

- Мөрдөгч хөлслөгч залхсан, үгүй бол мөнгө нь дуусаа биз. Энэ бол нэг л хувилбар төдий. Ийм зуу зуун
өөр хувилбар гаргаад ирж болно. Чи аль хувилбарт нь үнэмшиж, түүнээс юу суралцах вэ гэдэг л гол
асуудал.

- Суралцах аа? гэж тэр гайхан асуув. Тэгсэнээ хундагатай вискитэй гараараа духаа илбэн

–Суралцана гэж юу гэсэн үг вэ? гэж асуув.

- Дахиад ийм явдал болвол яах вэ гэсэн үг. Дараачийн удаа 40 хоноод болихгүй ч байж мэднэ. Шалтгаангүй
эхэлсэн зүйл шалтгаангүй дуусдаг. Тэгэхээр эсрэгцэл нь ч хүчинтэй гэсэн үг.

- Яасан айхавтар үг вэ гээд мань хүн нуг нуг инээснээ ахин нухацтай царайлаад –Сонин л юм. Таныг хэлтэл
миний санаанд ер орсонгүй. Үнэхээр энэ бүхэн давтагдана гэж үү?

- Би яаж мэдэх вэ?

Зураач маань хундагатай вискигээ гартаа эргүүлж байснаа огцом хөнтөрч хоослоод ширээн дээр тавьсанаа
алчуур гарган нусаа нийлээ. Тэгснээ

-Магадгүй дараачийн удаа энэ явдал өөр хүнд тохиолдож болох юм. Тухайлбал Мүраками танд ч юм уу.
Та ч гэсэн огтын нүгэлгүй ариун амьтан биш л байлгүй гэв.

* * *

Тэр залуу бид хоёр энэ явдлаас хойш жилд хоёр, гурав ч уулзаж, ховор пянз солилцож, хамт уусан удаатай.
Би тэмдэглэл хөтөлдөггүй болохоор яв цав хэлж мэдэхгүй нь. Юутай ч бурханы авралаар бид хоёрын
хэнийг ч одоохондоо утасны дуудлага, бөөлжис зовоогоогүй л байна.

Гучин хоёр настай өдрийн аялагч


Би гучин хоёртой, тэр арван наймтай...
Энэ тухай бодохоор дургүй хүрдэг юм.
Би гучин хоёрхонтой, харин тэр аль хэдийнэ арван найм хүрчихсэн. Ингэвэл арай дээр сонсогдож байна.
Бид хоёр зүгээр л найзууд. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Би эхнэртэй, харин тэр зургаагийн зургаан найз
хөвгүүнтэй. Тэр өнөөх зургаан хүүтэйгээ долоо хоногийн зургаан өдөрт нь болзож, харин надтай сарын
аль нэг долоо хоногийн ням гарагт уулздаг юм. Бусад ням гарагийг тэр гэртээ зурагт үзэж өнгөрүүлнэ.
Зурагт үзэж суугаа нь далайн морьхон шиг цомцойгоод хэчнээн хөөрхөн гээ.
15

Тэр Ерөнхийлөгч Кеннедигийн буудуулан амь үрэгдсэн 1963 онд төрсөн гэж байгаа. Харин миний хувьд
эмэгтэй хүүхэдтэй анх болзож эхэлсэн он шүү дээ. Тэр жил Клифф Ричардсын “Зуны амралт” дуу нэг их
байлдан дагуулаагүй юу...
Гэхдээ энэ бүхэн ямар хамаа байх вэ. Тэр тийм онд төрөө л биз. Ямар ийм жаахан охинтой болзож явах
юм гэж төсөөлсөн ч биш. Одоо хүртэл үүндээ гайхаж цөхөх юм. Яг л сарны нөгөө талд гарчихсан...,
хадан дээр тамхи сороод сууж байгаа юм шиг сонин мэдрэмж төрнө гээч.
“Жаахан охид чинь уйтгартай шүү дээ” гэж эргэн тойрны маань харчуул дуу нэгтэйгээр батална.
“Тэдний ярьдаг зүйлс биднийхээс тэс өөр гарагийн юмс байдаг. Юм асуухаар хэлж байгаа хариултууд нь
хүртэл яг адилхан шүү” гэж бас шогширцгооно. Тэгсэн мөртлөө өөрсдөө дандаа жаахан охидтой зугаалж
явахыг яана. Явж явж огтхон ч уйтгартай биш охидтой учирчээ дээ, тэд. Үгүй л болов уу. Үнэндээ
тэдний уйтгартай, улиг домог болсон байдал нь харин ч мань харчуулд таалагддаг юм. Зүрхнийхээ
мухарт бол аль болох толгой эргүүлсэн тоглоомд хэзээний дуртай тэд өөрсөд дээр нь хувин дүүрэн
уйтгар цутгаад ирсэн ч хажуу дахь охин руугаа дуслын төдийг ч цацруулахгүйгээр бүгдийг нь ганц
биедээ шингээчихээд алхаад байж чадах хүмүүс. Ямартаа ч надад тэгж л санагддаг юм.
Үнэндээ арван охины ес нь сонирхолгүй, уйтгартай. Гэвч тэд үүнийгээ өөрсдөө ер мэдэхгүй. Тэд
залуухан, үзэсгэлэнтэй, бас жигтэйхэн сониуч. Тийм болохоор өөрсдийгөө уйтгартай гэж яахин бодох
билээ. Харин ч дэндүү сонирхолтой амьтад шиг биеэ тооно шүү дээ. Ээ, Бурхан минь.
Тэглээ гээд би тэднийг буруушаадаг ч үгүй, үзэн яддаг ч үгүй. Харин ч эсрэгээрээ, би тэдэнд хайртай.
Тэд надад өөрийн минь залуухан, уйтгартай он жилүүдийг эрхгүй санагдуулдаг юм. Энэ чинь, юу ч
гэмээр юм бэ дээ, гайхалтай шүү дээ. Бид залуу цагтаа үзэсгэлэнтэйгээр улиг болж, сонирхол
татамгүйгээр гоо сайхан оршиж чаддаг байж.
-Хөөе, чи ахиад арван наймтай болчих юмсан гэж хүсч байсан уу? гэж тэр нэг удаа надаас асуулаа.
-Үгүй ээ. Тэгж бодож байгаагүй. Надад хэчнээн ланг амласан ч ахиад арван наймтай болохыг хүсэхгүй л
болов уу” гэж би хариулав. Гэвч тэр миний хэлснийг нэг л ойлгохгүй байгаа янзтай харагдана.
-Үгүй гэнэ ээ. Үнэнээсээ юу?
-Тийм ээ. Мэдээж, би тийм зүйл хүсэхгүй.
-Яагаад?
-Одоогийн байгаадаа сэтгэл хангалуун байна.
Тэр бодолд дарагдсан янзтай нэг гараараа шанаагаа тулаад нөгөө гараараа өмнөх халбагаа авч аягатай
кофегоо зөөлхөн хутгана.
-Би чиний хэлсэнд итгэхгүй байна.
-Итгэсэн чинь дээр дээ.
-Залуу байх чинь гоё биз дээ?
-Би ч бас тэгж бодож байна аа.
-Тэгвэл чи яагаад одоогийн энэ байдалдаа сэтгэл хангалуун байгаа юм бэ?
-Залуу насыг ганц л туулахад хангалттай шүү дээ.
-Би бол залуу байхаасаа уйдаж амжаагүй л байна.
-Чи дөнгөж арван наймтай юм чинь аргагүй шүү дээ.
Намайг ингэж хэлэхэд тэр “За за, ойлголоо” гэчихээд дуугаа хураалаа. Харин би түүнийг арван найман
наснаасаа аль хэдийнэ өнгөрчихсөн байлгүй дээ гэж бодов.
Би зөөгчийг дуудаж ахин нэг шар айраг захиаллаа. Гадаа бороо орж байвч цонхоор Ёокохамагийн боомт
тодхон харагдана.
-Хөөе, чи арван наймтай байхдаа ихэвчлэн юуны тухай боддог байсан бэ?
-Охидтой унтах тухай л...
-Өөр зүйл?
-Өөр зүйл боддоггүй байсандаг аа.
Тэр инээд алдсанаа кофеноосоо балгалаа.
-Тэгээд бодсоноо гүйцээж чаддаг байв уу?
-Заримдаа чадна. Заримдаа чадахгүй. Ихэнхдээ л бүтэлгүйтдэг байсан байх даа.
-Чи тэгээд хэдэн эмэгтэйтэй унтаж үзэв?
-Би тоолж үзээгүй юм байна.
-Үнэн үү?
-Би үнэхээр тоолохыг хүсдэггүй.
-Би л лав эрэгтэй байсан бол унтсан эмэгтэйчүүдээ тоолох байсан. Хөгжилтэй байх байсан даа.
Заримдаа би эргээд арван найман насандаа оччихвол хөгжилтэй байна даа гэж боддог ч буцаад арван
наймтай болчихвол хамгийн түрүүнд юу хийх билээ гээд төсөөлөхөөр л толгойд юу ч орж ирдэггүй юм.
Үнэхээр л, арван наймтай болчихвол юу хийх тухай зурсхийх бодол ч миний тархинд байдаггүй билээ.
Уг нь арван найман насандаа эргэж нэг оччихоод, гучин хоёртой дур булаам эмэгтэйтэй болзож суувал
сайхан биш гэж үү?
Бидний яриа цааш үргэлжилнэ.
16

-Харин чи арван найман насандаа эргэж ирэх тухай бодож байсан уу? гэж би асуулаа.
Тэр “Харин л дээ” гээд бодолхийлснээ “Үгүй л болов уу” гэлээ.
-Үнэн гэж үү?
-Тийм ээ. Би тэгж боддоггүй.
-Ойлгохгүй юм. Хүн бүр л залуу байх сайхан гэж ярьдаг шүү дээ.
-Тийм ээ, сайхан нь ч сайхан л даа.
-Тэгээд чи яагаад ахиад залуу болохыг хүсэхгүй байгаа юм бэ?
-Тэрийг хөгширч байж л мэдэрье дээ.
Харин би гучин хоёртой, долоо хоног л гүйхээ азначихвал гэдэс маань өмдөө даваад цулцайгаад ирдэг
болсон. Ийм хүн чинь яаж эргээд арван наймтай болж чадах билээ дээ. Том асуудал шүү.
Өглөө жаахан гүйснийхээ дараа би ганц лааз ногооны шүүс уучихаад буйдан дээр хэвтэнгээ Битлзийн
“Өдрийн аялагч”-ийг сонслоо.
“Өдрииииииийн аялагч”.
Энэ дууг сонсохоор галт тэргэнд сууж яваа юм шиг мэдрэмж төрнө. Утасны шонгууд, зогсоолын
саравчнууд, урт хонгилууд, хэдэн шар үхэр, хэдэн морь, үйлдвэрийн яндангууд, элдэв юмс нүдний
өмнүүр жирэлзэн өнгөрнө. Хэчнээн хол аялсан ч гадаах бүхэн нэг л янз, сэтгэл татах юу ч үгүй мэт
санагдана. Уг нь бага залуудаа энэ бүхэнд дуртай л байлаа. Дэргэд минь суух хүмүүс байн байн
солигдоно. Тэгж явтал арван найман настай нэгэн охин хажууд минь ирж суулаа. Би цонхон талд, харин
тэр хаалган талд сууж явсан юм.
“Хоёулаа солигдож суух уу?”
Намайг ингэж асуухад тэр охин “Баярлалаа. Та их эелдэг хүн юм” гэлээ.
Би тэрүүхэндээ мушилзаад “Эелдэгээ ч хат даа” гэж дотроо бодов. Охины дэргэд бол амьдралын элдэв
үзэгдлээс аль хэдийнэ уйдчихсандаа л тэр шүү дээ.
Утасны моддыг тоолж явахаас
Уйдаж залхсан-гучин хоёртой
Өдрийн аялагч...
Энэ бол миний таталсан ур муутай хайкунуудын нэг ээ

You might also like