Professional Documents
Culture Documents
11 ийн аб ангийн ХУЗ ын цахим хичээл 3 р сар.
11 ийн аб ангийн ХУЗ ын цахим хичээл 3 р сар.
Сайн байцгаана уу ? Хүүхдүүд ээ... Олон улс орон тархсан шинэ корона вирусын
халдвараас хүүхэд багачууд хүн ардаа хамгаалах зорилготойгоор 2020 оны 1-р сарын 23-
наас эхлэн улс даяар сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоосоныг та нар
сайн мэдэж байгаа... Энэ үед хүүхэд та нарын сурч боловсрох хүсэлийг тасалдуулахгүй
байх үүднээс төр засгаас шат дараалсан арга хэмжээ авч ерөнхий эрдмийн хичээлийг
телевизийн 13 сувгаар та нарт хүргэж байгаа билээ... Тэгвэл бид нэгэнтээ хөгжмийн
мэрэгжлийн сургуульд суралцаж байгаагийн хувьд хөгжмийн онол, сонсгол, хөгжмийн уран
зохиолын хичээлүүдээ ангийн багш нараар тань дамжуулан 2-р сард цахимаар та нартаа
хүргэсэн байгаа... Гэвч аюулт өвчний тархалт одоохондоо манай улсад бүртгэгдээгүй ч
дэлхийн олон улс оронд улам ихээр тархаж байгаа нь хүн бүрийн сэтгэлийг зовоосоор
байна. Тиймээс хөл хориог дахин нэг сараар сунгасан учир бид энэ 3-р сард хичээлээ
цахимаар үргэлжлүүлэн үзэх боллоо.
Үүнтэй уялдуулан багш нь та нарт дараах зүйлийг хичээнгүйлэн захиж байна... Үүнд:
1. 2-р сард явуулсан болон энэ 3-р сард зааж байгаа хичээл бүрийг дэвтэртээ хуулан
бичиж авах, эсвэл аав ээж, ах эгч нарынхаа тусламжтайгаар хэвлэн авч дэвтэртээ
хавсаргах...
3. Хичээлийн дугаар бүрт өгөгдсөн хөгжмүүдийг Yuotube – ээр орж сонсоод, үндсэн
гол сэдэв аялгуунуудыг нь хөгжмийн зохиолч, бүтээлийнх нэрийн хамт сайтар
мэдэж авахын зэрэгцээ цээжилж, таньж мэддэг болсон байх...
4. Өгөгдсөн хичээлүүдээс ойлгогдохгүй байгаа зүйлээ ойр байгаа аав ээж, өвөө эмээ,
ах эгч нараасаа асуувал тэд тайлбарлан өгч та нарт туслахдаа баяртай байх
болно...
5. Өөрсдийгөө сэтгэл гарган дайчилж өмнө үзсэн хичээлүүд, тодруулбал 9-р ангид
үзсэн Дж.Верди, Ш.Гуно, Дж.Безе, 10-р ангид үзсэн бүх хөгжмийн зохиолчид,
өнгөрсөн 9-р сараас үзсэн бүх хичээлүүдээ эргэн харж сайтар уншиж судлан
бүтээлүүдийг дахин сонсож хаврын улсын шалгалтандаа бэлтгээрэй...
6. Хэрэв хичээлийн явцад ойлгомжгүй зүйл тааралдвал 9997 4511 утсаар ямар ч үед
надтай холбогдож тайлбар авах буюу асууж лавлаж болно...
Хүүхдүүд та нартаа эрүүл энх байж, хичээл сурлагандаа их амжилт гаргахыг хүсье.
Анхааран уншсанд баярлалаа...
Сайн байцгаана уу? Хүүхдүүд ээ...Сар шинэдээ сайхан шинэлцгээв үү? Хөгжмийн
уран зохиолын цахим хичээлийн энэ дугаараар Оросын хөгжмийн нэрт зохиолч Сергей
Васильевич Рахманиновын амьдрал уран бүтээлтэй бид товчхон танилцах болно.
Оросын хөгжмийн зохиолч, аугаа төгөлдөр хуурч С.Рахманинов 1873 оны 3-р
сарын 20-ны өдөр Новогород хотын ойролцоох Онег гэдэг эзэмшил газар язгуурны (тайж )
гэр бүлд төржээ... Энд л түүний бага нас өнгөрч Орос орон гэж, эх нутгийн газар шороо
гэж юу байдаг, оросын ард түмэн гэж хэн юм бэ? гэдгийг мэдэрч өссөн байдаг. Тэр бүү
хэл орос ардын язгуур дуу хөгжмийг тэр энд л яс махандаа шингэтэл, ханатлаа сонсож
өссөн гэдэг... Энэ бүгд түүний амьдралын төгсгөл хүртэл хамт байж, тэр бүхнээр
амьсгалж, бүтээж, туурьваж иржээ.
“ ... Сергей эдлэнгээс ирэх бүрдээ Новогородын сүмийн хонхнууд яаж дуугарч
байгааг маш анхааралтай сонсдог нэгэн байлаа...” гэж эмэг эх нь дурьдатгалдаа бичсэн
байдаг байна. Эдгээр нь хожим “Хонхны дуу”, “Өдөр шөнө үгүй...” зэрэг магтуунд нь
төдийгүй алдарт төгөлдөр хуур найрал хөгжмийн 2-р концертонд нь тусгалаа олсон
байдаг. Түүний өвөг эцэг Аркадий Александрович Рахманинов төгөлдөр хуурч, хөгжмийн
зохиолч хүн байсан бөгөөд түүний бүтээлүүд нь 18-р зууны үед тоглогдож байсан тухай
хөгжмийн зохиолчийн тэмдэглэлд бичээтэй бий... Мөн түүний эцэг Василий Аркадьевич
Рахманинов хөгжмийг гайхам мэдэрч чаддаг Оросын засгийн газарт өндөр албан тушаал
хашдаг нэгэн байсан гэдэг. Учир иймээс Сергей 4 настайдаа өвөг эцгийнхээ хамт төгөлдөр
хуур дээр дөрвөн гарын жижиг зохиолыг төвөггүй тоглож сурсан байлаа... Түүнийг 8
настай байхад нь гэр бүлийнхэн нь Петербургт нүүж ирсэн бөгөөд энэ үед Сергейн
Новогородод олж авсан хөгжмийн боловсрол нь хангалттай байсан учир 1882 онд
Петербургийн консерваторийн дэргэдэх хөгжмийн бага сургуулийн төгөлдөр хуурын ангид
нэрт хөгжимчин В.В.Демянскийн шавь болон суралцсан байна. Энд үе тэнгийнхнээсээ
авъяас билгээрээ хол тасархай байсан Сергейгийн хөгжимдөхийг сонссон үеэл ах
А.И.Зилоти гэгч “... Чиний байх ёстой газар энэ биш...” гэснээр үеэлээ дагаж 12 настайдаа
Москвагийн консерваторт орж алдарт төгөлдөр хуурч, консерваторийн профессор
Николай Сергеевич Зверевийн шавь болжээ... Тухайн үед Н.С.Зверев зөвхөн бага
насныханд хичээл заадаг байсан боловч С.Рахманиновыг өөрийн шавь болгосон нь
жирийн хэрэг биш байлаа... Түүнээс гадна С.И.Танеев, А.С.Аренский нар Сергейд
хөгжмийн зохиомж, онолын хичээл зааж байлаа... Чухам энд л тэрээр суут хөгжмийн
зохиолч Петр Ильич Чайковскийтэй учирсан байдаг. Нэрт хөгжимчин түүний хөгжимдөхийг
сонсож, эхэн үеийн зохиол, бүтээлүүдийг нь анхааралтай ажиглаж байсан бөгөөд нэг өдөр
“... Энэ хүүд маш их авъяас, маш их ирээдүй байна...” гэж хэлсэн байдаг. 1891 онд арван
найман настайдаа С.Рахманинов гялалзсан амжилттайгаар төгөлдөр хуурч мэрэгжлээр
сургуулиа төгссөн бол жилийн дараа 1892 онд консерваторийг хөгжмийн зохиолчийн
мэрэгжлээр томоос тос алтан медарьтайгаар дүүргэж байжээ... Яг түүнтэй Александр
Николаевич Скрябин хамт төгссөн ( А.Н.Скрябин төгөлдөр хуурч мэрэжлээр алтан медальтай
төгсөж байжээ...) бөгөөд түүнд Сергей Васильевичийнхээс арай бага хэмжээтэй алтан
медаль гардуулж байжээ... С.Рахманинов сургууль төгсөх шалгалтаа А.С.Пушкины
(Оросын аугаа их зохиолч, яруу найрагч, оросын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч... )
“Цыганууд” зохиолоор “Алеко” нэртэй дууриа 17-хон хоногийн дотор бичиж дипломоо
хамгаалжээ... Дипломын ажлын комиссыг даргалж байсан П.И.Чайковский дүнгийн
хуудсан дээр нь “Музыкальному внуку” гэж бичээд 5 гэсэн дүнгийн араас гурван нэмэх
тэмдэг ( 5 + + +) тавьсан байдаг. Ингээд түүнийг 19 настай байхад нь Москвагийн их
театрт (большое театр) консерваторийн оюутнуудын оролцоотойгоор тавьсан бөгөөд энэ
тухай П.И.Чайковский “ ... Энэ бол гайхамшиг байлаа...” гэж дүүдээ илгээсэн захидалдаа
бичиж байжээ... Ийнхүү их хөгжимчний хайрыг булаасан хүү өвгөн багшийгаа насан эцэс
болтол нь өргөж, асарсан байдаг... Мөн тэр үед “Утёс” симфони уран сэтгэмж
(симфоническая фантазия ), 2 төгөлдөр хуурт зориулсан 1-р чуулбар ( сюит ), “Хөгжмийн
агшин” ( “Мукыкальный момент” ) До диез минор ( cig-moll ) –ын прелюди, “Үзэсгэлэн гоо
минь бүү дуул, зүгээр л миний дэргэд бай...” ( “Не пой красавица при мне...” ), “Нууцлаг
шөнийн аниргүй дор...” ( “В молчанье ночи тайном...” ) зэрэг романс, “Островок” хөгжмийн
хошигнол, “Гуниглуун гурвал” (“Эллегический трио”) – аа бичсэн байдаг.
1917 он бол С.В.Рахманиновын Москва-д байх, бүр тодруулбал Орос оронд байх
үеийнх нь төгсгөл болсон юм. Тэрээр Октябрийн социалист хувьсгал гэдгийг ойлгохгүй
байлаа... Яг энэ үед Скандиновын ( Норвеги, Дани, Швед...) орнуудад хэд хэдэн концерт
тоглох урилгатай байсан тэрээр гэр бүлийнхнийхээ хамт яваад орос оронд дахин эргэж
ирээгүй юм. Чухам л энэ цагаас насан эцэс болтлоо суут хөгжимчин маань сэтгэл санааны
маш их дарамтанд амьдарсан гэж хэлж болно...
“... Би орос орноос явснаар бичих, тууривах бүх зүйлээ алдсан... Өөрөө өөрийгөө ч
үгүй хийсэн..." гэж ярьдаг байсан тухай түүний дотны нөхөд нь өгүүлсэн байна. Тэд эхний
нэг жилдээ Дани-д амьдарч байгаад 1918-оноос АНУ-ын Провиденс гэдэг жижигхэн хотод
анхны тоглолтоо хийснээс хойш 25 жилийн турш нэгдсэн улсын хотуудаар бараг
завсарлагагүй үргэлжилсэн аялан тоглолт нь эхэлсэн байна... Сергей Рахманиновыг аугаа
төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч болохыг нь таньж мэдсэн Америкчууд Бостоны
филармонийн, залгуулаад Цинциннамын филармонийн удирдаачаар урьж ажиллуулж
байжээ... Дэлхийн 2-р дайны үед Сергей Васильевич АНУ-ын нутгаар хөндлөн гулд хэсэж
концерт тоглож олсон бүх мөнгөө “ ... Би Зөвлөлтийн армийн ялалтанд итгэж байна...”
гэсэн сэтгэлийн үгтэйгээр фронтод ( Зөвлөлт Холбоот Улс руу ) илгээж байжээ... Суут
хөгжимчин, хөгжмийн зохиолч маань нас барахаасаа зургаан долоо хоногийн өмнө
Л.В.Бетховены “Төгөлдөр хуур найрал хөгжмийн 1-р концерт”, өөрөө 1934 онд бичсэн
“Паганины зохиолын сэдэв Рапсоди” (“Рапсодией на тему Паганины” ) – г олны өмнө
хөгжимдөж концертынхоо үйл ажиллагааг дуусгавар болгожээ. С.В.Рахманиновыг 1943
оны 3-р сарын 28-нд өөд болсноос нь хойш 8 жилийн дараа зөвлөлт засаг түүнийг өөрийн
хүн гэж хүлээн зөвшөөрснөө зарлажээ...
Хөгжмийн зохиолч маань бүр 1887 онд эхэлсэн 1-р симфонио 1895 онд дуусгаж
байжээ... Хамгийн хачирхалтай нь уг симфони 1987 онд буюу бичиж эхэлснээс нь яг зуун
жилийн дараа Москва-д “Оросын хөгжмийн зохиолчдын симфони концерт” (“Русских
симфонический концертов”) – нд анх тоглогдсон байдаг. Учир нь тухайн үед
С.Рахманиновыг.., энэ бүтээлийг А.К.Глазунов ойлгоогүйгээр барахгүй тоглохыг нь
эсэргүүцсэн байдаг бөгөөд А.С.Аренский багш нь ч мөн дэмжээгүй байна. Үүнээс болоод
С.Рахманинов сэтгэлээр унаж нэг ёсондоо хөгжмийн зохиолчийнхоо хувьд сэтгэцийн хүнд
өвчинд нэрвэгдсэн байлаа... “... Түүнийг эмчлэх эм нь ердөө л хөгжим байсан... Энэ үедээ
бусдын болон өөрийнхөө төгөлдөр хуурын бүтээлүүдийг хөгжимдөхдөө сая л нэг эрүүл
саруул болж чаддаг байлаа...” гэж нагац эгч нь дурьдатгалдаа бичсэн байдаг. Ингээд бие
нь гайгүй болмогцоо 1900 оноос уран бүтээлийнхээ ажилд шаргуу орж “Төгөлдөр хуур,
найрал хөгжмийн 2-р концерт”- ынхоо 1,2-р ангийг бичээд хэсэг завсарлаад төгсгөлийг нь
хожуу бичиж дуусгажээ... Энэ нь хоёр үндсэн шалтгаантай байсан байна... 1-рт: дээрхи
концерттой зэрэг шахуу хоёр төгөлдөр хуурт зориулсан хоёрдугаар чуулбараа бичсэн
байдаг... 2-рт: Тайж язгууртны охин Наталья Алексеевна Сатина гэдэг үзэсгэлэнт
бүсгүйтэй гэрлэсэн нь түүний амьдралд шинэ гэрэл гэгээг авчирсан үйл явдал болсон юм.
Ингээд үргэлжилсэн хонхны хүнгэнэж, жинхэнэ орос аялгуу эгшиглэдэг “Төгөлдөр хуур,
найрал хөгжмийн 2-р концерт”-оо 1901 онд бичиж дуусгаад өөрөө гоцлон тоглосон нь маш
их амжилтыг дагуулж, түүнийг уран бүтээлийн замд эргэж ирэхэд нь ихээр нөлөөлсөн
байна. Үүнийгээ залгаад төгөлдөр хуур, найрал хөгжмийн 3-р концерт ( 1907) - оо бичсэн
байдаг. ( С.Рахманинов төгөлдөр хуур найрал хөгжмийн нийт 4-н концерт бичсэн бөдөг бөгөөд 1-
рийг нь 1891 онд, 2-рыг нь 1901 онд, 3-рыг нь 1907 онд харин 4-р нь хилийн чанадад буюу Америк-д
байхдаа 1927 онд бичжээ... Р.Га. ) Үүний зэрэгцээгээр төгөлдөр хуурт зориулсан прелюди,
этюды, зураглал ( “Музыкалный картины” ) зэргээс гадна “Алеко” 1893, “Риминий
Франческа” ( “Франческа де Римини” 1894 ), “Ховдог рыцарь” ( “Спукой рыцарь” 1894 )
гэсэн гурван дуурь, гурван симфони ( 1895, 1907, 1936 ), “Амирлангуйн арал” ( “Остров
мёртвых” 1909 ), симфони найраглал, “Хавар” магтуу 1902, “Хонхны дуун” магтуу 1912,
Төгөлдөр хуурын гурвал, морин хийлийн сонат, Ф.Шопен, А.Корелли нарын зохиолын
сэдэвт хувилбарууд, “24 прелюди фуга”, хоёр чуулбар зэрэг төгөлдөр хуурын олон арван
зохиолоос гадна “Сирень”, “Вокализ”, “У моего окно” зэрэг 70 гаруй романс бичиж
үлдээсэн байдаг...
Хүүхдүүд ээ... Энэ өдрийн хөгжмийн уран зохиолын цахим хичээлээрээ бид Оросын
хөгжмийн зохиолч, аугаа төгөлдөр хуурч Сергей Васильевич Рахманиновын амьдрал уран
бүтээлтэй товчхон танилцлаа.
3-р сарын 12-нд Хичээл № 2
Сайн байцгаана уу? Хүүхдүүд ээ... Өнгөрсөн хичээлээр бид оросын хөгжмийн
зохиолч, төгөлдөр хуурч Сергей Рахманиновын амьдрал уран бүтээлтэй товчхон
танилцсан. Тэгвэл өнөөдөр түүний алдарт “Төгөлдөр хуур, найрал хөгжмийн до минорын
2-р концерт”-ын тухай ярилцаж, бүтээлийг нь сонсох болно...
“... С.Рахманиновын төгөлдөр хуур найрал хөгжмийн 2-р концерт нь хүн төрөлхтний
аугаа их тууривалын нэг бөгөөд зөвхөн зохиогчийн үзэл санааны илрэл болоод зогсохгүй,
эрих цагийн дуулал болсон юм...Энэ бүтээл түүний төгөлдөр хуур найрал хөгимд
зориулсан 4-концертын хамгийн алдартай нь бөгөөд энэ хөгжим бол аймьдралын сүлд
дуулал, оюун ухааны сэхээрэл, аз жаргал, баяр баясгалан, нарны тухай магтаал юм...” гэж
уг бүтээлийн тухай нэрт хөгжмийн зохиолч Н.Я.Асафьев хэлсэн байдаг... Мөн
С.Рахманиновын дотны найз, хөгжмйн зохиолч Метнер энэ бүтээлийн тухайд: “Энэ бол
ганцхан түүний амьдралын сэдэв биш, орос нутгийн тухай хамгийн яруу сайхан сэдэв мөн.
Энэ зохиолд ардын дуу огт үгүй боловч хонхны нүргэлэх анхны эгшигээс эхлээд орос
орны дүр төрх тэр чигээрээ сэтгэлд дурайдаг юм...” гэж бичжээ... Эдгээрээс үзэхэд
С.Рахманиновын энэ бүтээлийн илүү олон зүйл хэлэх шаардлагагүй гэж бодогдоно...
Харин С.В.Рахманиновын төгөлдөр хуурын зохиол, төгөлдөр хуураар хөгжимдөх урлаг
хоёр нь хөгжмийн урлагийн түүхэн дахин давтагдахгүй нандийн үзэгдэл юм гэдгийг
хөгжмийн мэрэгжилтнүүд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг... Тэрээр төгөлдөр хуурын
зохиолоороо романтик арга барилтай байсан бол симфонийн бүтээлдээ П.И.Чайковскийн
уламжлалыг хөгжүүлсэн байдаг... Энэ хоёр төрөл нягт холбоотойн дээр С.Рахманинов
хүний баяр баясгалан, эмгэнэлт явдал, сэтгэлийн шаналан,, хүсэл тэмүүлэл, гүн ухааны
агуулгын альнийг нь ч гүнзгийн уран илэрхийлж чаддаг нэгэн байжээ.
Хөгжмийн зохиолч энэ бүтээлээ 1900 онд эхлүүлээд, хэсэг завсарласаны дараа
1901 онд төгсгөлийн ангийг нь бичсэн тухай бид түүний намтар түүхээс олж мэдсэн
билээ... Энэхүү бүтээлийг 1901 оны 10-р сарын 27-ны ( өнөөгийн тооллоор 11-р сарын 9-ний
өдөр. ) Москва хотын филармонийн танхимд зохиогч төгөлдөр хуураар гоцлож, А.Зилоти
удирдан тоглуулжээ...
Хүүхдүүд ээ... Одоо та нар Yuotube –ээр зочилж С.Рахманинов “Второй концерт для
фортепиано с оркестром. До минор. Соч.18 – гэж бичээд бүтээлээ бүрэн эхээр нь хүлээн
авя сонсоорой...
Хүүхдүүд ээ... Хөгжмийн уран зохиолын цахим хичээлийн энэ дугаараар Оросын
хөгжмийн нэрт зохиолч С.В.Рахманиновын “Төгөлдөр хуур найрал хөгжмийн до-минорын
2-р концерт”-ын тухай товчхон ярилцаж, бүтээлийг нь сонслоо...
3-р сарын 19-нд Хичээл № 3
Сайн байцгаана уу хүүхдүүд ээ... Хөгжмийн уран зохиолын цахим хичээлийн энэ
дугаараар оросын хөгжмийн зохиолч - И.Стравинскийн амьдрал уран бүтээлтэй товчхон
танилцах болно.
Сайн байцгаана уу? Хүүхдүүд ээ... Бид энэ өдрийн хөгжмийн уран зохиолын
хичээлээр оросын хөгжмийн зохиолч И.Стравинскийн “Сүрлэн хүүхэлдэй” (“Петрушка”)
бүжгэн жүжгийн тухай ярилцаж, бүтээлийг нь бүрэн эхээр нь үзэж, сонсох болно.
И.Ф.Стравинскийн дурсамжаас: “... 1910 онд “Гал шувуу” (“Жар птица”) анхны
балет маань амжилттай болж далайн эрэгт амарч байгаад бид Щвецарь явсан юм... Тэнд
энгийн нэг зохиол бичмээр санагдаад төгөлдөр хуурынхаа ард суугаад тоглож байтал
нүдний өмнүүр нэгэн тоглоомон хүүхэлдэй бүжиглэж байгаа мэт харагдсан... Энэ үед л би
энгийн нэгэн биш бүр тэр хүүхэлдэйд зориулсан бүтээл хийхэд байгаа бүхнээ зориулахаар
зориглон шийдсэн юм. Ингээд эхний дуудлага (Фанфар)-ыг биччихээд Лемонск нуурын
эргээр баахан алхлаа... Учир нь тэр хүүхэлдэй нүдэнд харагдаад байдаг... Түүнд ямар нэг
нэр олоод өгчихмөөр байдаг... Нэрийг нь л олчихвол цааш нь ядах юмгүй бичиж боломоор
санагдаад... Тэгээд ч гэнэтхэн нэр нь ороод ирлээ... Энэ бол “Петрушка” байлаа...” гэж
бичсэн байдаг...
Хөгжмийн зохиолчийн захиалгаар Александр Бенуа оросын ард түмний дунд ихэд
дэлгэрсэн сүрлэн хүүхэлдэйний тухай үлгэрээс сэдэвлэн дөрвөн үзэгдэлт “Петрушка”
бүжгэн жүжгийн цомнолыг “... Хэрэв хүүхэлдэй амилж бодит амьдралд орж ирвэл, тэрээр
баяр баясгалан, гуниг зовлонг хэрхэн мэдрэх бол...” гэсэн сэтгэлгээгээр бичсэн байдаг.
Дүрүүд нь:
Энэ бүтээл 1911 оны 4-р сарын 13-нд Парисийн Шатле театрт анх нээлтээ
хийснээс хойш 1919 онд Нью-Иоркт ( АНУ), 1920 онд Петроградад ( ЗХУ), 1921 онд
Москва-д (ЗХУ), 1925 онд Копенгаген (Норвеги), 1932 онд Буэнос-айрес-д гэх мэтчилэн
1982 гэхэд дэлхийн 30 гаруй орны тайзнаа тоглогдсон байдаг байна...
Талбайд нийтийн баяр цэнгүүн болж байхөд илбэчин өвгөн гарч ирээд Петрушка,
Балерина, Арап гэдэг гурван хүүхэлдэйгээ олны өмнө бүжиглэж чадна, бас хүн шиг бодож
сэтгэж чадна... Харин Петрушка бол нөгөө хоёроосоо илүү юм шүү... гэж хэлдэг... Үнийг
сонссон хүмүүс илбэчин өвгөнийг шоолон инээлдэж байхад нь илбэчин өвгөн
хүүхэлдэйнүүдээ хүний ертөнцөд гаргаж тавидаг...
Ингээд Петрушка Балерина-д дурлаж хайр сэтгэлээ илэрхийлнэ. Харамсалтай нь
Балерина хайр дурлал гэдгийг ойлгохыг үнэхээр хичээсэн боловч чадсангүй... Эцэст нь
тэр Петрушкагаас зугтаж одно...
Харин Арап бол маш муухай царайтай, бүдүүлэг хэрцгий нэгэн байжээ... Тэрээр
мөн л Балерина-д дурласан тул өөрийн заналт дайсан Петрушка-гаас Балерина-г булаан
авахыг хүснэ...
Нийтийн баяр цэнгүүн үргэлжилж байхад цыган наймаачин бөөн цаасан мөнгө
гаргаж олны дунд цацахад ардууд бужигналдаж бөөн үймээн самуун болно... Үүнийг
далимдуулан Арап өөрийн дайсан, сайхан сэтгэлт Петрушка-г олны нүднээс далд
аваачаад зодож амийг нь бүрэлгэнэ... Энэ бүхнийг харсан өвгөн илбэчин хэрэг явдал
бишдэж байгааг мэдмэгцээ бүхнийг эргүүлээд байр байранд нь аваачина.
Хүүхдүүд ээ... Бид энэ өдрийн хөгжмийн уран зохиолын хичээлээр оросын
хөгжмийн зохиолч И.Стравинскийн “Сүрлэн хүүхэлдэй” (“Петрушка”) бүжгэн жүжгийн тухай
ярилцлаа. Харин одоо та нар Yuotube - ээр зочилж – И.Стравинский Петрушка - гэж
бичээд бүтээлээ бүрэн эхээр нь үзэж, сонсоорой...