Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 14

Джон Перкинс

ЭДИЙН ЗАСГИЙН

АЛУУРЧНЫ

НАМИНЧЛАЛ

/ Бодит үйл явц /

John Perkins

CONFESSIONS

OF AN ECONOMIC

HIT MAN

ДЖОН ПЕРКИНС

ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНЫ НАМИНЧЛАЛ

ӨМНӨХ ҮГ

Эдийн засгийн алуурчид гэж хэн бэ? Эдийн засгийн алуурчид /ЭЗА*/ бол дэлхийн

улс орнуудыг луйвардаж ард түмнийг нь олон наяд долларын өрөнд унагах ажлыг

хийж байдаг, үүнийхээ төлөө маш өндөр цалин харамж авдаг мэргэжлийн хүмүүс юм.

Тэд бол Дэлхийн банк, Америкийн олон улсын хөгжлийн агентлаг/USAID/ зэрэг бусад

олон тооны зээл, тусламжийн байгууллагуудаас улс орнуудаар авахуулсан зээлийн


мөнгийг зальт аргаар завшиж өөрсдийн асар том корпорациудын болон тухайн орны

эрх мэдэл бүхий хэдхэн гэр бүлийн дансанд шилжүүлж байдаг. Тэд зээл авахуулах,

дараа нь энэ мөнгийг завшихдаа санхүүгийн зальт тайлан мэдээ, авилга хээл хахууль ,

шахсан тулгалт, эр эмийн явдал, захиалгат аллага зэрэг арга хэрэгслийг ашигладаг.

Тэд нар эзэнт гүрнээсээ хойш өнөөг хүртэл ил далд явж ирсэн, одоо даяарчлалын эрин

үед бүр аймшигтай том цар хүрээг хамрах болсон тэр л хуучин “тоглоомоо”

тоглосоор л байна.

Үүнийг надаас өөр хэн сайн мэдэх вэ дээ? Учир нь би өөрөө тэдний нэг, эдийн

засгийн алуурчин байсан юм чинь ...

Би эдгээр мөрүүдийг 1982 онд “Эдийн засгийн алуурчны ухамсар” гэдэг түр нэртэй

ном бичиж эхлэхдээ бүр эхэнд нь бичиж билээ. Номыг анхандаа надаас тодорхой зүйлээр

шалтгаалж байсан боловч миний хүндэлж явдаг, би тэднийг надтай нэг ижилхэн санаа

бодолтой хүмүүс байсан гэж боддог Эквадорын Ерөнхийлөгч асан Хайме Рольдос мөн

Панамын Ерөнхийлөгч асан Омар Торрихос нарын хоёр ч улсын ерөнхийлөгч нарт

зориулж бичиж эхэлсэн юм. Тэд хоёулаа саяхан аймшигтай ослоор алагдаад байсан билээ.

Тэдний энэ алагдсан нь тохиолдлын зүйл байгаагүй юм. Тэд дэлхий дээр нэг том эзэнт

улсыг байгуулах эцсийн зорилготой том корпорациуд, засгийн газрууд болон банкны

эздийн далд хуйвалдааны эсрэг тэмцэж байсан учир хоёулаа алагдсан юм. Бидний эдийн

засгийн алуурчид Рольдос ба Торрихос нарт нөлөөлж эрхшээлдээ оруулж чадахгүй байсан

учир ар талд маань байнга сүүтэгнэж байдаг Тагнуулын төв газрынхны хөлсөлсөн

цөөврүүд-алуурчид үүнийг хийсэн юм.

Намайг энэ номоо бичихгүй байхыг зөндөө ятгаж байсаан. Хориод жилийн турш би

нийтдээ дөрвөн удаа энэ номоо бичиж эхэлж байсан билээ. Бүгдийг эхнээс нь шинээр

бичих миний энэ дөрвөн оролдлого тухай бүрд Америкийн Панам уруу 1989 онд довтлон
орсон түрэмгийлэл, Сомалийн булан дахь эхний дайн, Осама бин Ладеныг “өргөмжилсөн”

явдал зэрэг дэлхий дахинд болж байсан үйл явдлууд нөлөөлж байсан юм. Гэвч надад

заналхийлж байсан явдлууд мөн авилга, хээл хахуулиуд тухай бүрдээ намайг номоо

бичихээ зогсоход хүргэж байсан билээ.

Асар том олон улсын корпорацид харьяалагддаг нэг томоохон хэвлэлийн газрын

ерөнхийлөгч 2003 онд миний одоогийн энэ “Эдийн засгийн алуурчны өчил” гэдэг ном

болоод байгаа гар бичмэлийг минь уншаад “Хүмүүст заавал хүргэх өгөх ёстой аймшигтай

түүх байна” гэж үнэлсэн билээ. Гэвч тэрээр гунигтайхан инээмсэглээд толгой сэгсрэн энэ

номыг хэвлэх эрсдлийг өөртөө хүлээж чадахгүй, учир нь олон улсын корпорациудын

өндөр албан тушаалтнууд үүнийг хүчтэй эсэргүүцэх болно гэж хэлсэн юм. Тэрээр надад

номоо уран сайхны адал явдалт роман болгон хувиргаж бичих хэрэгтэй гэж зөвлөөд харин

энэ тохиолдолд хэвлэж болох юм гэж хэлж билээ.

Гэвч энэ бол уран сайхны адал явдалт роман биш ээ. Энэ бол миний амьдралын

үнэн бодит намтар түүх юм. Харин олон улсын корпорациудаас хамааралгүй, нэгэн

зоригтой ном хэвлэн гаргагч энэ түүхийг хүмүүст хүргэхэд минь туслахаар амласан юм.

Би энэ түүхийг хүмүүст заавал ярьж өгөх ёстой. Бид аймшигтай хямралын үе ба

нөгөө талд нь асар их боломжууд бий болсон нөхцөлд амьдарцгааж байна.

Эдийн засгийн алуурчдын энэ түүх бол бид яагаад одоогийн энэ нөхцөл байдалд

орсон болон өнөөгийн шийдвэрлэж болшгүй мэт санагдаж байгаа олон асуудлууд чухам

хаанаас эх сурвалжтай, хаанаас урган гарч ирсэн тухай түүх юм. Мөн хүмүүс бид нар

өнгөрсөн алдаануудаа ухамсарлаж байж л ирээдүйн боломжуудыг өөрсдийн эрх ашигт

нийцүүлэн ашиглаж чадах чадвартай болох ба 9- сарын 11-ны үйл явдал болж Ирактай

хоёр дахь дайныг эхлүүлэх боломжийг гаргасан, 2001 оны 9-р сарын 11-нд алагдсан 3

мянган гаруй хүмүүс дээр нэмээд өдөр бүр дэлхий дээр 24 гаруй мянган хүүхдүүд
өлсгөлөн болон түүнтэй холбоотой шалтгаануудын улмаас нас бардаг учир энэ түүхийг

заавал хүмүүст ярьж өгөх хэрэгтэй болсон юм. Үнэн хэрэг дээрээ өдөрт 24 мянган хүн

зөвхөн амьд явахад л хүрэлцээтэй хэмжээний идэх зүйл олж чадахгүй байгаа учраас нас

барж байна. Энд хамгийн гол нь яг өнөөдөр түүхэнд анх удаа нэг улс орон энэ бүгдийг

өөрчлөж чадах боломж, мөнгө ба эрх мэдэлтэй байгаа юм. Энэ улс орон бол миний

төрсөн, эдийн засгийн алуурчнаар миний алба хааж байсан Америкийн Нэгдсэн Улс юм.

Эцэст нь юу намайг эдгээр заналхийлэл, хээл хахуулийг хайхрахгүй болгож чадсан

бэ?

Товчхондоо бол миний ганц охин Джессика колледжоо төгсөөд тусдаа амьдрах

болсон юм. Саяхан би түүнд өөрийн энэ номоо хэвлүүлэхээр бодож байгаа тухайгаа мөн

зарим нэг зүйлээс болгоомжилж байгаагаа ярихад тэрээр “Аав минь бүү санаа зов. Хэрэв

тэд саад болбол таны дуусгаж чадаагүйг би гүйцээх болно. Миний тандаа хэзээ нэг цагт

бэлэглэх ирээдүйн ач нарынхаа төлөө үүнийг бид хийх ёстой” гэж хэлсэн юм. Энэ бол

дээрх асуултын зөвхөн товчхон хариулт нь юм.

Харин бусад дэлгэрэнгүй хариултууд нь бол миний өөрийн төрж өссөн эх орныхоо

өмнө хүлээх хариуцлага, Америкийн эцгүүд-үндэслэгчдийн эрмэлзэж байсан тэр хүсэл

эрмэлзлэлүүдийг хайрлаж байдаг минь, дэлхийн бүх хүмүүст амьдрал, эрх чөлөө, аз

жаргалд хүрэх замыг амласан америкийн бүгд найрамдах улсыг гүн хүндэтгэж явдаг минь,

мөн ЭЗАлуурчид энэ улс орныг дэлхийн эзэнт улс болгон хувиргаж байгааг 2001 оны 9-р

сарын 11-ны үйл явдлаас хойш цаашид хараад сууж байхыг тэвчихгүй гэсэн шийдвэр

минь юм. Дараачийн бүлгүүдэд улам илүү дэлгэрэнгүй болох урт хариултуудын ерөнхий

нуруу нь энэ.

Энэ бол урт түүх юм. Би өөрийн энэ түүхийн минут бүрийг мэдэрч амьдарсан

билээ. Энд гарах бүх хүмүүс, яриа хөөрөө, миний бичиж байгаа өөрийн дотоод
мэдрэмжүүд бол миний амьдралын нэг хэсгүүд байсан юм. Энэ нь миний хувийн намтар

түүх болохын зэрэгцээ өнөөгийн бидний байгаа энэ нөхцөл байдалд хүргэсэн, бид бүхний

түүхийг нөхцөлдүүлсэн мөн бидний ирээдүй хойчийн амьдралын үндэс суурийг тавьсан

дэлхийд болж өнгөрсөн үйл явдлуудтай олон сэжмээр холбогдож байгаа юм. Би тэдгээр

үйл явдлууд, тэр хүмүүс, тэдэнтэй хийж байсан яриа хөөрөө бүрийг аль болох зөв

тодорхой гаргаж бичихийн тулд багагүй чармайлт гаргасан билээ. Дэлхий дахинд болсон

тэр үйл явдлуудын тухай эсвэл өөр хүмүүстэй хийж байсан яриа хөөрөөгөө дурсан санаж

бичиж суухад минь одоо нэгэнт хэвлэгдсэн бусад баримт бичгүүд, миний өөрийн хувийн

тэмдэглэлүүд болон тэр үеийн бусад оролцогчдын дурсамжууд, эхэлж байсан 5 гар бичмэл

маань мөн урьд өмнө нууц байсан эсвэл бусад олон янзын шалтгаанаар нийтэд хаалттай

байсан боловч ялангуяа сүүлийн үед хэвлэгдсэн өөр бусад авторуудын илчилсэн

мэдээллүүд надад тусалж байсан юм. Тухайн асуудлыг илүү гүнзгий судлахыг хүссэн

уншигчиддаа зориулж бүлэг бүрийн хойно ишлэл авсан баримт, номын жагсаалтыг

тавьсан бий.

Энэ номыг хэвлэн гаргагч надаас үнэхээр бид өөрсдийгөө эдийн засгийн алуурчид

гэж нэрлэдэг байсан эсэхийг асуусан юм. Би түүнд энэ бол яг үнэн гэж хариулсан ба

үнэндээ бол бид/эдийн засгийн алуурчид/ ихэнхидээ зөвхөн ЭЗА товчлолыг хэрэглэдэг

байсан. Хэрэг дээрээ 1971 онд нэг өдөр би өөрийн багш хатагтай Клодинтай хичээллэж

эхлэхэд тэрээр “ - Миний зорилго бол таныг эдийн засгийн алуурчин болгоход оршиж

байгаа. Таны юу хийдгийг хэн ч, тэр байтугай эхнэр чинь ч мэдэх ёсгүй” гэж хэлж билээ.

Дараа нь тэрээр нухацтайгаар “Бидний эгнээнд нэгэнт орсон л бол та бүх насаараа эндээ

үлдэх болно” гэж хэлсэн юм. Үүнээс хойш хатагтай Клодин энэ нэрийг бүтнээр нь бараг

хэрэглэдэггүй байсан ба бид ердөө ЭЗА нар болсон юм.

Клодины гүйцэтгэж байсан үүрэг бол миний орсон тэр бизнесийн үндсийн үндэс
болсон “зорилготой далд удирдлагын” үнэхээр гайхалтай жишээ байлаа. Тэрээр

боловсролтой сайхан хүүхэн байсан ба маш үр дүнтэй ажиллаж миний сул талуудыг ёстой

бүрэн дүүрэн ашиглаж чадаж байсан юм. Түүний ажиллаж байгаа байдал, арга барил бол

ер нь энэ системийн ард зогсож байдаг хүмүүсийн тэр нарийн үйл ажиллагааны дүр

төрхийг харуулж байсан билээ.

Клодин шууд л миний ирээдүйд юу хийх ёстойг тайлбарлаж эхэлсэн билээ. Миний

ажил, түүний яг хэлснээр бол “... Америкийн ашиг хонжооны сонирхолыг зүтгүүлж

бэхжүүлж байдаг тэр том өргөн сүлжээний нэг хэсэг нь болохыг дэлхийн улс орнуудын

лидерүүдэд ятгаж итгүүлэхэд оршино. Эцсийн эцэст эдгээр лидерүүд тэднийг

дуулгавартай байлгахын баталгаа болдог асар том өрийн торны урхинд орж баригдах

ёстой. Бид манай улс төрийн, эдийн засгийн болон цэрэг дайны ашиг сонирхолыг

хангахын тулд хүссэн үедээ л тэдгээр лидерүүдийг ашиглах болно. Харин тэдгээр

лидерүүд ард түмэндээ технопаркууд, цахилгаан станцууд, онгоцны буудлууд бариулж

өгөх учир тэд ч өөрсдийн улс төрийн байр суурийг бэхжүүлж авах болно. Харин энэ

бүхний хариуд америкийн инженерингийн болон барилгын компаниуд асар баян

болно”гэж билээ.

Бид өнөөдөр энэ системийн үйл ажиллагааны үр дүн болсон энэ их сүйрлийг харж

байна. Манай хамгийн том хүлээн зөвшөөрөгдсөн компаниудын топ менежерүүд Азийн

хөвөрдөг дамжлагын системтэй үйлдвэрүүд дээр маш хүнд нөхцөлд ажиллуулахаар

хүмүүсийг бараг боолын цалингаар хөлслөж байна. Газрын тосны компаниуд халуун

орны ширэнгэ ойн голуудад олон тонн үйлдвэрлэлийн хорт бохироо хаяж мэдсээр байж

хүмүүс, амьтад, ургамлыг алж устгаж тэндэхийн нэн эртний соёл иргэншлийг аймаглан

сүйрүүлж байна. Эм, эмийн бэлдмэлийн үйлдвэрлэлийн компаниуд ДОХ өвчтэй сая сая

хүмүүст авралын эмийг нь өгөхөөс татгалзаж байна. Манай дотоодод, АНУ-д 12 сая гэр
бүлийг дараачийн удаа юу идэх вэ гэдэг асуудал зовоож байна.(2) Эрчим хүчний

үйлдвэрлэл л “Энрон”-ыг гаргаж ирсэн юм. Нягтлан бодохын салбар л “Артур Андерсен”-

ыг гаргаж ирсэн билээ. 1960 онд хамгийн өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 1/5-ийн

орлогыг хамгийн ядуу орнуудын хүн амын 1/5-ийн орлоготой харьцуулахад 30 : 1

харьцаатай байсан бол 1995 онд энэ харьцаа 74 : 1 болсон байна. (3) Тэгвэл АНУ Ирактай

хийж байгаа дайнд 87 миллиард доллар зарцуулаад байгаа бол НҮБ-ийн хийсэн

үнэлгээгээр энэ мөнгөний тэн хагас нь л манай гаригийн хүн бүрийг ариун цэвэр, эрүүл

ахуйн шаардлага хангасан ундны усаар хангаж бага боловсрол олгоход хүрэлцэхээр

байгаа юм. (4)

Тэгвэл бид “-Яагаад бидэн үрүү алан хядагчид довтлоод байгаа юм бэ?” гэж

гайхаад сууж байна.

Зарим хүмүүс бидний одоогийн тулгараад байгаа асуудлуудын хариуцлагыг зохион

байгуулалттай хуйвалдаанд тохох гэх байх. Харамсалтай нь энэ бүхэн яг тийм ч амар

хялбар биш юм. Хуйвалдагсдыг илрүүлж шүүхэд өгч болох байсаан. Гэвч энэ систем

хуйвалдаанаас ч илүү аюултай зүйлээр тэжээгдэн тэтгэгдэж байдаг юм. Түүнийг хэсэг

бүлэг хүмүүс хөдөлгөж байдаг юм биш, харин “эдийн засгийн өсөлт бол хүн төрөлхтний

тусын тулд байдаг ба өсөлт их байх тусам төдийчинээн энэ давуу байдал бүхний хүртээл

болж байдаг” гэсэн бараг бурханы сургаал шиг болсон үзэл баримтлалаар хөдөлж байдаг.

Энэхүү эргэлзээтэй итгэл үнэмшил нь өөрийн үр дагавартай ба эдийн засгийн энэ гаж

өсөлтийн түймрийг асаахад бусдаас илүү зүтгэл гаргасан хүмүүс болохоор нэр алдар нь

цуурайтаж асар их ашиг олж байхад харин энэ түймрээс хол төрж өссөн хүмүүс болохоор

боолчлол мөлжлөгт зориулагдсан болж таарч байгаа юм.

Энэ үзэл баримтлал бол мэдээж алдаатай. Олон улс орнуудад эдийн засгийн өсөлт

хүн амын зөвхөн багахан хэсэгт л асар их ашиг тусаа өгдөг ба харин үнэн хэрэг дээрээ
үлдсэн олонхийн хувьд энэ өсөлт нь амьдралын ихээхэн доройтлыг бий болгодог гэдгийг

бид мэдэх билээ. Ийм үр дүнг энэ бүх өсөлтийг өдөөж бий болгож байгаа тэр бүлэг

хүмүүс л үүнийхээ төлөө тусгай эрх ямба эдлэх ёстой байх гэж хүмүүс бид итгэж байдаг

нь, бидний бүх болохгүй байгаа асуудлын үндэс болсон, магадгүй хуйвалдааны олон

янзын онол тайлбар таамаглалыг улам ихээр төрүүлж байдаг гол шалтгаан болсон хүмүүс

бидний тэр итгэл үнэмшил л улам хүчтэй болгож байдаг. Хэрэв хүмүүс шуналтай

байснаараа хожиж байвал энэ шунал нь тэднийг хөдөлгөх гол хүч болж байдаг. Бид

өөрсдийнхөө цаддаггүй энэ их хэрэглээгээ бараг гэгээн сайн сайхан зүйл гэж үзэж байхад,

бид өөрсдийнхөө үр хүүхдүүдийг олохоосоо илүү хэрэглэж байгаа тэр хүмүүсийн

амьдралын энэ гаж хэвшлийг дууриахыг сургаж байхад, үүнийхээ төлөөсөнд асар олон

хүмүүс өөрсдөө цөөн хэдхэн элитүүдийн эрхшээлд дагаар орж байхад бид өөрөө

өөрсдөдөө бүх муу зүйлийг даллаж байдаг. Мэдээж бид үүнийхээ хариугаа хүртэж байна.

Корпорациуд, банкууд, засгийн газрууд /бүгд нийлээд корпоратократи/ дэлхий

дахиныг хамарсан өөрсдийн эзэнт улсаа улам тэлэхийг байнга эрмэлзэж байдаг бөгөөд

ингэхдээ жирийн хүмүүс бидний сургууль соёл, ажил хэрэг, бидний мэдээллийн

хэрэгслүүдээр өөрсдийн энэ үзэл суртал, бодлого, тэдгээрийн үр дүнг дэмжүүлж байхад

өөрсдийн санхүүгийн болон улс төрийн хүч чадлыг ашиглаж байдаг. Энэ бүхэн нь бидний

соёл иргэншлийг түлш эрчим хүч, үйлчилгээг байнга нэмэгдүүлэхийг шаардаж байдаг

асар том хэрэглээний машин болгосон бөгөөд эцсийн эцэст нүдэндээ таарсан болгоныг

хэрэглэсээр байгаад одоо бүр бараг өөрсдийгөө гудрах хэмжээнд хүргээд байна.

Корпоратократи гэдэг бол хэсэг бүлэг хүмүүсийн зохиосон хуйвалдаан биш боловч

түүний бүх гишүүдийн хувьд үнэт зүйлүүд нь үнэхээр нэг, тэд нийтлэг зорилготой юм.

Корпоратократийн хамгийн чухал зорилгуудын нэг бол өөрийнхөө энэ системийг

мөнхжүүлэх, тэр нь байнга өсөн тэлж хүчирхэгжиж байхад оршдог. Энэ бүхнийг хийж
байдаг тэр хүмүүсийн ялгагдах гадаад төрх байдал бол бараг цайзан дахь ордон мэт том

байшин сууцууд, дарвуулт завинууд, хувийн тийрэлтэт онгоцууд байдаг ба энэ бүхэн нь

хүмүүс биднийг хэрэглээд л , ашиглаад л, эдлээд л байхыг уриалж байдаг үлгэр дууриалал

нь болж байдаг. Тэд нар бараа үйлчилгээ худалдан авах нь хүмүүс бидний иргэний үүрэг,

дэлхийн бусад улс орнуудыг дээрэмдэн мөлжиж байгаа нь манай эдийн засагт ашигтай,

ийм болохоор энэ бүхэн нь эцэстээ америкчууд бидний үнэт зүйлст таарч байгаа хэмээн

бидэнд итгүүлэхийн тулд бүх боломжийг алдахгүй ашиглаж байдаг. Над шиг ийм ажил

хийдэг хүмүүс /ЭЗА/-т маш том цалин хөлс өгч өөрсдийн энэ системийг улам нэвтрүүлж

бэхжүүлж байдаг. Хэрэв бид /ЭЗА/ чадахгүй бол цөөврүүд гэх илүү хорт явуулгатай

алуурчдын ээлж ирдэг. Ингээд хэрэв тэд зорилгодоо хүрч чадахгүй бол цэргийн

түрэмгийлэл үйлддэг.

Энэ ном бол цагтаа эдийн засгийн алуурчин байсан хүний наминчлал бөгөөд би тэр

үед харьцангуй том бус бүлэгийн нэг гишүүн байсан юм. Гэвч одоо бол тэд олуулаа

болсон бөгөөд “Monsanto”, “General Motors”, “Nike”, “Geneal Electric”, “Wal-Wart” зэрэг

дэлхийн бараг томоохон бүх корпорациудын офис хонгилоор алхацгааж байна. Хамгийн

бодит утгаараа бол “Эдийн засгийн алуурчны наминчлал” ном бол минийхээс гадна мөн

тэдний түүх юм.

Энэ бол таны түүх, та бидний түүх, дэлхий дээрх хамгийн анхны жинхэнэ эзэнт

гүрний түүх юм. Хэрвээ хүмүүс бид одоогийн хуримтлагдсан асуудлуудыг шийдэхгүй юм

бол энэ бүхэн гарцаагүй эмгэнэлтэйгээр төгсдөг гэдгийг түүх бидэнд сургаж байна. Эзэнт

гүрэн хэзээ ч удаан оршин тогтнож чаддаггүй. Урьд өмнөх түүхэн дэх эзэнт гүрнүүд маш

муугаар эмгэнэлтэйгээр дуусч байсан билээ. Эзэнт гүрнүүд бусад улс орнуудыг хамарсан

том ноёрхолоо тогтоохын тулд маш олон соёл иргэншлийг эвдэн бусниулж байсан бөгөөд

харин эцэст нь өөрсдөө маш муугаар дууссан байдаг. Нэг ч улс гүрэн, хэсэг бүлэг улс
орнууд дэлхийн бусад улс орнуудыг дарлан мөлжиж байж удаан хугацаагаар хөгжин

цэцэглэж чадаагүй юм.

Энэ номын гол зорилго бол хүмүүс бид өөрсдийн амьдралыг дахин эргэцүүлэн

бодож ухаарах тэгээд бид амьдралаа өөрчлөн шинэчлэхэд туслахад оршино. Дэлхийн улс

орнуудын байгалийн баялагийг цөлмөх шунаг дур хүслийг улам бадрааж тэнд

боолчлолыг бий болгож байдаг эдийн засгийн энэ хөдөлгүүр нь хэрхэн биднийг бас эргээд

мөлжиж байдгийг хангалттай олон хүмүүс ойлгож мэдэхийн хирээр үүнийг цаашид

тэвчихийг болино гэж би найдаж байна. Маш цөөнхи асар их баялагт умбаж байхад

үлдсэн хүн төрөлхтөний ихэнхи нь ядуурал, бохирдол, хүчирхийлэлд живж байгаа нь

хүмүүст энэ дэлхий ертөнц дэх өөрсдийн үүрэг, байр суурийг дахин ойлгон ухаарахад

хүргэх болно. Бид үүний дараа л, хүмүүс байдлыг ойлгон жинхэнэ ардчилал, нийгмийн

шудрага байдлыг сонгох болно.

Асуудлыг бодитоор оршин байгааг хүлээн зөвшөөрөх нь түүнийг шийдвэрлэхэд

хийж байгаа анхны алхам юм. Нүглээ хүлээн зөвшөөрөх нь түүнийг засаж наминчлах

эхний алхам юм. Магадгүй энэ ном биднийг аврах эхлэл болох болтугай. Энэ ном хүмүүс

биднийг шинээр ухамсарлаж тэмцэхэд дуудлага болж бүх талын зохицолтой сайн сайхан

нийгмийг байгуулах бидний хүсэл мөрөөдлийг яаж зөвөөр хэрэгжүүлэхийг ойлгоход

маань туслах болтугай.

Миний энд хувь заяаг нь олон нийтэд толилуулж байгаа тэр хүмүүсгүйгээр энэ

номыг бичих боломжгүй байсан юм. Би тэдэнд надад өгсөн туршлага, сургамжуудынх нь

хувьд талархаж байна.

Түүнээс гадна намайг ил гарч ирж өөрийн түүх намтраа хүмүүст ярьж өгөхийг

ятгаж үнэмшүүлсэн тэр хүмүүст талархаж байна. Штефан Рехтшаффен, Билл ба Линн

Твистууд, Энн Кэмп, Арт Роффи зэрэг “Итгэл үнэмшил, бодол санаагаа өөрчилье”/Dream
Change/ -ийн арга хэмжээнүүдэд оролцож байсан олон хүмүүст, тэр дундаа өөрийн

туслагч Ив Брюс, Лин Робертс-Херрик, Мэри Тендалл, мөн миний эхнэр 25 жилийн

туршид хамтран зүтгэгч Винифред, охин Джессикадаа талархаж байна.

Мөн өөр улс орнуудад дахь улс төрийн явуулгууд, олон улсын корпорациуд,

үндэстэн дамжисан банкуудын тухай мэдээлэл, өөрсдийн хувийн үзэл бодол, сэтгэгдлээ

хуваалцсан олон эрэгтэй эмэгтэй хүмүүст талархаж байна.

Үүнээс гадна Майкл бен-Эли, Сабрина Болоньи, Хуан Габриэл Карраско, Хайме Грант,

Пол Шоу нар ба нэрээ гаргахыг хүсээгүй, гэвч хэний тухай ярьж байгааг маань мэдэж

байгаа тэр хүмүүст тусад нь талархлаа дэвшүүлж байна.

Гар бичмэл маань дуусангуут “Berrett-Koehler” компанийг үндэслэн байгуулагч

Стивен Пьерсанти өөрийн зүгээс их зориг зүрх гаргаж намайг хүлээн авч маш сайн

редакторын хувиар ном бүтээхэд минь тусалж олон цагаа зориулж ажилласан юм. Намайг

түүнтэй танилцуулсан Стивенд мөн Ричард Перлд өөрийн зүгээс гүн талархлаа

илэрхийлэхийн зэрэгцээ миний гар бичмэлийг уншиж шүүмжилсэн Нова Браун, Рэнди

Фиат, Аллен Джонс, Крис Ли, Дженнифер Лисс, Лори Пеллошо, Дженни Уильямс нарт,

миний гар бичмэлийг уншиж шүүмжлэхийн зэрэгцээ өөрийн өндөр стандартад хүргэхийг

надаас шаардаж санасандаа хүрсэн Дэвид Кортен, өөрийн төлөөлөгч Пол Федорко, энэ

номын гайхалтай дизайныг хийсэн Валери Брюстер, миний уран зохиолын редактор мөн

хачин гайхалтай гүн ухааныг баримтлагч Тодд Манц нарт бас дахин талархлаа

илэрхийлье.

“Berrett-Koehler”-ийн шеф-редактор Дживан Сивасабрамян, мөн Кен Лупофф, Рик

Уилсон, Мирия Хесус Агило, Пат Андерсон, Марина Лук, Майкл Кроули, Робин Донован,

Кристен Франц, Тиффани Ли, Кэтрин Ленгрон, Дайана Платнер нарын өөрийхөө дотоод

ухамсарыг сонсож байхыг зайлшгүй гэж үздэг, энэ дэлхий ертөнцийг илүү сайн сайхан
болгохын төлөө цуцалтгүй ажилладаг ВК-ийн бүх ажилтан нарт талархлын үгээ хүргэж

байна.

Надтай хамт MAIN-д ажиллаж байсан, даян дэлхийн эзэнт гүрнийг байгуулахад нь

эдийн засгийн алуурчдад тусалж чухам ямар үүрэг гүйцэтгэж байгаагаа ойлгож

ухамсарлаж чадаагүй олон эрэгтэй, эмэгтэй хүмүүст би талархалаа илэрхийлэх ёстой. Би

миний өгч байсан үүрэг даалгавруудыг гүйцэтгэж байсан, надтай хамт алс холын улс

орнуудад очиж тэр үнэтэй агшингуудыг минь хуваалцаж байсан тэр хүмүүст онцгой

талархах ёстой. Мөн түүнчлэн “Inner Traditions International”-ийн Эхуд Сперлинг ба

түүний ажилтангууд, газар газрын зан заншил соёлын болон бөөгийн тухай миний урьдах

номуудыг хэвлэн гаргасан хүмүүс-намайг ном бичигч болгосон сайн найз нартаа талархаж

байна.

Халуун орны ширэнги ойд, халуу шатсан цөл нутагт, өндөр уулсын бэлд,

Джакартын сувгууд дахь цаасан оромжиндоо, энэ дэлхийн тоо томшгүй олон хотын

ядуучуудын хороолол дахь гэртээ намайг хүлээн авч өөрсдийн идэх хүнс ба амьдралаа

надтай хуваалцаж дотоод эрч хүчийг надад хайрлаж байсан эрэгтэй эмэгтэй хүмүүст би

үргэлж талархаж явнаа.

Джон Перкинс

2004 оны намар.

*) Номын текст дотор - Economic Hit Man (EHM). /Орч./

Энэ ном Интер номын их дэлгүүр, Билэг их дэлгүүр, Скай худалдааны төв, Мир номын

худалдааны сүлжээ, Талбайн номын цэгүүд болон бусад номын худалдаанд бий.

ЖИЧ: Энэ номыг монголчууддаа хүргэж байгаа гол зорилго бол манай улс орны

өнөөгийн байдал, цаашдын ирээдүй, хувь заяа дан ганц бидний хүсэл, эрмэлзлэлээс бус

харин өөр гаднын нөлөөнөөс ихээхэн хамааралтай байгааг олж харж ойлгох,
ирээдүйгээ бодитоор харахад тэгээд үндэстний ухаарал, эв нэгдэлд уриалах зорилготой

билээ.

Х. Болорболд 2010 он, Улаанбаатар

You might also like