Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 5

МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН

ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД

Хэлний үндсэн нэгжүүдийг их нэгж буюу өгүүлбэр, цогцолбор, бага нэгж буюу бүтээвэр, үг
гэж ангилдаг. Үүнээс бүтээвэр нь юмын бүтэх утгыг, үг нь нэрлэх, үглэх утгыг илэрхийлэх
бөгөөд өгүүлбэр, цогцолбор нь төгс утга санааг илэрхийлнэ. Орчин үеийн хэлшинжлэлд хэлний
үндсэн ба завсрын нэгжүүдийг ерөнхийд нь хэлц, хэлц бус гэж ангилах явдал өргөжиж байна.
Монгол хэлийг ч гэсэн хэлний баримт жишээнд тулгуурлан тийнхүү тууштай ангилах нь
онолын төдийгүй практик ач холбогдолтой зүйл юм. Ингэж ангилж тогтоогүйгээс болж хэлний
үзэгдлүүдийг тайлбарлах, тайлбар толь бичиг, хэлц үгийн толь бичиг хийхэд хэлний хэлц, хэлц
бус нэгжүүд холилдох, замбараагүйтэх, дэс дараа нь алдагдах, буруу тайлбарлах явдал их байна.
Аливаа хэлний хэлц нь олон мянган жилийн хөгжлийн үр дүнд боловсрон бий болж хэвшин
тогтдог тухайн ард түмний аж амьдрал, ахуй орчин, зан заншил, соёл, сэтгэлгээний онцлогийг
тусгадаг нэг төрлийн өвөрмөц бэхжмэл цул бүтэц юм. Монгол хэлний хувьд хэлцээр маш баян
хэл бөгөөд тогтвортой нэгжүүдийг хэдийгээр олон янзаар нэрлэдэг боловч хэлц үг, хэлц хэллэг,
хэлц өгүүлбэр гэх мэтээр нэрлэж хэвшээд байна. Судлаачид хэлцийг утгын талаас, хэлзүйн
талаас, утгын орон ахуй талаас нь янз бүрээр ангилсан туршлага бий.
Харин энэхүү өгүүлэлд чухам хэлц нэгжийн тухай хэлзүйн талаас нь голлон авч үзэх бөгөөд
хэлц бүтээвэр, хэлц үг, хэлц холбоо үг, хэлц хоршоо үг, хэлц өгүүлбэр, хэлц цогцолбор гэсэн
үндсэн дэс дарааллаар авч үзсэнээ та бүхэнд танилцуулья.

Монгол хэлний хэлц үгийн тухай


Монгол хэлний хэлц үг, хэллэгийг ойрын жилүүдэд улам эрчимтэй судлаж байна. Харин
судлаач нар энэхүү хэлц үгийг янз бүрээр нэрлэн бичсээр байгаа боловч сүүлийн үед хэлц үг
гэдэг нэр томьёо харицангуй тогтвортой шинжтэй болж байгааг өмнө дурдсан. Нэг ойлголтын
талаар хэтэрхий олон нэр томьёо хэрэглэх нь хэрэглэгч, суралцагсдыг төөрүүлэх магадлалтай
учраас бид цаашид хэлц гэдэг нэг л нэр томьёон дээр тогтож хэрэглэмээр санагдана.
Эрдэмтэн Чой.Лувсанжав, Г.Аким, Д.Бадамдорж, Юнь Со Вонь, нар “өвөрмөц хэлц буюу
хэллэг”, Ж.Төмөрцэрэн, М.Базаррагчаа, Б.Пүрэв-Очир, Ж.Баянсан, Ч.Догсүрэн, Д.Баттогтох, нар
“хэлц үг” гэсэн нэр томьёог баримтлан бичиж байна. Зарим судлаачид судалгааны ажилдаа энэ
хоёрыг холиж хутгасан газар ч бий.
Хэлц үг гэж чухам юу вэ гэдгийг эрдэмтэн судлаачид янз бүрээр тодорхойлдог. Энэ
тодорхойлолт олон янз байгаа нь судлаачдын утгын талаас харж байна уу, бүтэц, хэлзүйн
талаас харж байна уу, сэтгэлгээ, нийгэм, соёлын талаас харж байна уу гэдгээс шалтгаалаад өөр
өөр байна. Энд зөвхөн хэлний талаас харсан тодорхойлолтуудыг авч үзье.
Тухайлбал профессор Чой.Лувсанжав, “Өвөрмиц хэллэг гэдэг Энэтхэг Европ хэлний idiom
хэмээх үгээс хуулан орчуулж монголчилсон нэр юм. Мөн англи хэлний idiomatic expression,
idiomatic phrases зэрэг үгтэй ч утга тэнцэнэ. ... миний бие монгол хэлний өвөрмиц хэллэгийг
судлаад энэ зохиолдоо монгол хэлний үгсийн сангийн утгазүйн онцлогийг харгалзан, өвөрмиц
хэллэг гэж нэг ерөнхий нэрээр нэрлээд, түүнийгээ дотор нь заримдаг өвөрмиц хэллэг, бүтэн
өвөрмөц хэллэг гэж хоёр хуваав.” гэж тайлбарлажээ.
Судлаач Г.Аким “Өвөрмөц хэлц гэдэг бол гагцхүү тухайн үндэстний хэлэн дэх
бүрэлдүүлсэн үгийн нь утга алдагдаад нэгэн нэгдмэл утга гаргах болсон тогтвортой нийлэмж үг
юм”, эрдэмтэн М.Базаррагчаа, “Хоёр буюу түүнээс дээш үгс нийлж өвөрмөц утга илтгэнэ.
Тогтвортой, чөлөөт бус үг, холбоо үг, өгүүлбэрийг өвөрмөц хэллэг, хэвшмэл хэллэг гэж
нэрлэсээр ирсэн ба хэлц үг, хэлц хэллэг ч гэх нь бий.”, гэсэн бол профессор Ж.Баянсан, “...
идиом үүсэхдээ хэлний үгийн сангийн бэлэн нэгж, түүнийг холбож, нийлмэл дохио үүсгэх
хэлзүйн бэлэн загварыг ашигладаг ч гэсэн дүр дүрслэлийг сэдэлийн үндэс болгодогоороо
өвөрмөц ажээ.” гэж бичжээ.
Судлаач Д.Бадамдорж, “Өвөрмөц хэлц гэдэг бол утгын хувьд бүрдүүлж байгаа үг тус
бүрийн нь цөм утга алдарч, нийлэн нэгдэж, нэгэн ухагдахуун, утга санаа илэрхийлсэн, тухайн
ард түмний сэтгэхүй, сэтгэлгээ нэвт шингэсэн, аж ахуй, бодот амидрал, хэв ёс, зан заншил,
шашин шүтлэг, үзэл бодол гэх зэргийн гүн тусгалболсон тогтвортой нийлэмж үг юм.” Гэж
тодорхойлжээ.
Доктор Б.Баттогтох, “...хэлц нь үгсийн сангийн гол нэгж болох ҮГ-ээс өргөн, агуулга
хэлбэр, бүтэц бүрэлдүүлбэр, илэрхийлэх утга, мэдээлэл хадгалах, дамжуулах үүрэг, яриа бичигт
хэрэглэгдэхийнхээ хувьд Өгүүлбэртэй адил, тэрч байтугай ЭХ-ийн түвшинд судалж үзмээр
хэлний онцгой нэгж юм.” хэмээн янз бүрээр тодорхойлжээ.
Судлаач Л.Дашням “Миний бодлоор хэвшмэл хэллэг (фразелогия, phraseology) гэдэгт үгийн
уугал утга шилжрэн, тодорхой санаа, ойлголтыг илэрхийлэх шинэ “авъяастай” болж, бүтэц
бүрэлдэхүүн нь хэвшин тогтсон томоохон бүлэг үгсийг багтааж болмоор (жишээ нь: нүглийн
нүдийг гурилаар хуурах, нуур шиг шөл, нугас шиг мах г.м), харин хэлц буюу өвөрмөц үг
(идиомы, idioms) гэдэгт нь эхлээд тодорхой хүрээнийхний ойлголцол, харилцааны хэрэгсэл
болж үүсээд, яваандаа нийтийн хэрэглээ болж тогтносон, өвөрмөц бүтэц бүрэлдэхүүнтэй,
оролцогч үг бүрийн утгаар илэрхийлж байгаа ерөний утга санааг нь тайлан ойлгохуйяа бэрх
(жишээ нь булчин бурхан хэрсэн чөтгөр, нэр нэдэр, чих зүдэр, туулайн эвэр тугалын соёр г.м.)
үгсийг хамааруулж баймаар санагдаж байгаа юм.” Гэж хэлц үг, хэвшмэл хэллэгийн ялгааг
тодруулж тодорхойлох санал дэвшүүлсэн байна.
Эндээс үзвэл “Бүтцийн хувьд тогтвортой, нөхцөлдмөл, утгын хувьд нэгдмэл бөгөөд
шилжмэл шинжтэй бодомжит нэгжийг хэлц гэнэ” гэж болмоор санагдана.
Хэлц үг хэллэгээс гадна хэвшмэл хэллэг, хэвшмэл хэлц, өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг гээд
олон янзаар нэрлэх нэг хэсэг зүйл буйг судлаачид “тогтвортой хэллэг” гэдэг том малгайн доор
хэлц үгийн хамт багтаадаг гэж ойлгодог. Тогтвортой хэллэг гэдэг энэ ойлголт өөрөө маш том
дээвэр бөгөөд доороо нэг агуулгад хамаарах олон өөр ойлголтыг бас багтаадаг гэж болно.
Бидний бодоход хэлц нэгжийн онцлогоос шалтгаалан “Үгийн сангийн үндсэн утга шилжих
үзэгдэл бол үндсэндээ хэлц болох үндсэн шинж чанар юм.” Гэж тодорхойлж болох юм.

Монгол хэлний хэлц нэгжийн судлагаанаас:


Монгол хэлний хэлц нэгжүүд түүний дотор хэлц үг хэллэгийг сүүлийн жилүүдэд нэлээд
эрчимтэй судлаж байгааг судалгааны бүтээлүүдээс харж болно. Судлаач М.Базаррагчаа бүтэц,
утга, хэлбэрийн талаас, Д.Бадамдорж, Ж.Баянсан, Б.Пүрэв-Очир, Б.Баттогтох нар голдуу
хэрэглээ, утга, орны талаас, Г.Аким, Бүрэнтөгс, Л.Дашням, Ж.Бат-Ирээдүй нар толилох,
зүйлчлэх, ангилах талаас нь тус тус судлажээ.
Хэлц үгийн утгын ангилалын талаар дорвитой судалгаа хийсэн доктор М.Базаррагчаа хүн,
амьтан, ургамал, хүний бүтээсэн зүйл, адгуусны бүтээсэн зүйл, гариг ертөнц, сэтгэхүй,
мэдрэхүй, зөн билиг, хий үзэгдлийн утга санаа илэрхийлсэн хэлц хэмээн 10 хуваасан бол
судлаач Д.Бадамдорж “нэвтрүүлж байгаа санаа, заан илэрхийлж буй утгыг харгалзаж, түүгээр
гол шалгуур хийж, агуулгаар нь” монгол амьдрал, хүний сайн үйл, сайхан зүйлийг магтан
илэрхийлсэн, монгол амьдрал, хүний муу үйл, муухан явдлыг шүүмжилсэн, хүндэтгэл, бэлгэдэл,
ёс зүйн утгатай, муушаал, ёрлол, ёс бусын утгатай, юм, үзэгдэл, чанар хөдөлгөөний ялгавар,
чанар шинжийн утгатай хэмээн 5 ангилсан байна.
Аливаа хэлний хувьд тухайн хэлний хэлц үгийн тайлбар болон олон хэлний толь бичиг хийх
нь онолын болон хэрэглээний чухал ач холбогдолтой байдаг учир Орчин цагийн Монгол хэлний
хэлц үгийн толь бичиг хийх талаар дотоод гадаадын эрдэмтэд чармайн ажиллаж ирсэн билээ.
Үүнд Чой.Лувсанжавын “Орос-Монгол өвөрмөц хэллэгийн толь” (Уб., 1970), Г.Акимийн
“Монгол хэлний өвөрмөц хэлцийн тайлбар толь” (Уб.,1982, 1999), “Монгол-орос, орос-монгол
өвөрмөц хэлцийн товч толь” (Уб., 1985), Бүрэнтөгсийн “Монгол хэлцийн далай”, (Хөх хот,
2001), Л.Дашнямын “Монгол хэвшмэл хэллэг, хэлц үгийг тайлбарт толь” (Уб., 2005), Ж.Бат-
Ирээдүйн, “Монгол хэлний хэлцийн сан” (Уб., 2009) зэрэг толь бичгүүд хэвлэгдэж уншигч,
үзэгч, суралцагч, хэрэглэгчдийн гарт очжээ.
Г.Акимийн “Монгол хэлний өвөрмөц хэлцийн тайлбар толь” бол орчин цагийн монгол
хэлний хэлц үгийг цагаан толгойн дэс дарааллаар, утга зохиолын хэлний дэлгэрэнгүй жишээ
баримттайгаар эмхлэн найруулсан анхны толь бичиг байснаараа практик хэрэглээний чухал ач
холбогдолтой толь бичиг болсон юм. 2009 онд гарсан “Монгол хэлний хэлцийн сан” толь
бичигт хэлцийг үйл төвтэй болон нэр төвтэй гэж хоёр үндсэн хэсэгт хувааж толилсон нь хэлц
үгийг толилох шинэ туршлага болж хэлц энд тэнд давхардах болох, гээгдэж орхих гэмээс
сэргийлсэн сайн толь бичиг болсон гэж профессор Ж.Баянсан үнэлсэн билээ.
Мөн Монгол хэлний хэвшмэл хэллэгийн бүтэц дэх хэлц үгийг дангаар нь судлаж “Монгол
хэлний хэвшмэл хэллэг дэх хэлц үгийн утга” хэмээх номыг 2006 онд хэвлүүлсэн. Тухайлбал,
монгол хэлний “Авсан хүний гар зөөлөн, амталсан хүний ам зөөлөн” гэдэг хэвшмэл хэллэгт
байгаа гар зөөлөн буюу авахдаа дуртай, ам зөөлөн буюу яриа хөөрөө сайн, магтаж ярих гэсэн
утга илэрхийлэх хэлц үгийг судласан хэрэг билээ. Эндээс хэлц нэгжийн төрөл бүрийн хэлбэр
монгол хэлний хэвшмэл хэллэгийн бүтцэд тун арвин байгааг бэлхнээ үзэж болно.
Мөн гадаадын ахисан төвшиний суралцагч нарт зориулсан “Монгол хэлний хэлц үгийн утга
хэрэглээ” Уб., 2007 ном бол монгол хэлний хэлц үгийг агуулгаар нь болон бүтцээр нь ангилж
монгол болон гадаадын хүмүүсийн аль аль нь сурч болох сурах бичгийн зориулалтаар хийсэн
анхны гарын авлага болсон юм.
Судалгааны ерөнхий байдлыг ажиглахад хэлц үгийг утгын талаас ангилах талаар судлаачид
нэлээд ажилласан бөгөөд харин бүтэц, хэлзүйн талаас харицангуй бага судласан байна.
Монгол хэлний хэлц нэгжийг хэлзүйн талаас бүтцээр нь ангилах нь:
Монгол хэлний хэлц үгийг хэлний талаас, хэлний бүтцийн талаас ажиглаж судласан
ажиглалт мэр сэр бий. Тухайлбал, судлаач Г.Аким, “Монгол хэлний өвөрмөц хэлц нь өгүүлбэр
зүйн янз бүрийн харьцаагаар хоорондоо холбогдсон, үг зүйн өөр шинжтэй үгээс бүрэлдэж
бүтцийн хувьд бүхэл бүтэн зүйл болж байдаг. Өвөрмөц хэлцийг бүтцээр нь хоёр анги болгон
хувааж болно.” Гэжээ.”, “Хэл нь их бага нэгжүүдээс тогтоно. Энэхүү тогтолцооны бага нэгж нь
их нэгждээ багтах буюу их нэгж нь бага нэгжээ багтаах тул багаасаа ихэд буюу ихээсээ багад
тус тус шаталсан тогтолцоотой юм. ... Их нэгж нь хүмүүсийн хоорондын харилцах нэгж болдог
бол бага нэгж нь харилцааны нэгж болдоггүй. ... Иймд бүтээвэр нь үг болж, үг нь өгүүлбэр,
өгүүлбэр нь цогцолбор болно.” [Базаррагчаа] гэх мэтээр тэмдэглэсэн байна.
Хэлний энэхүү харьцангуй тогтвортой нэгжүүдийг хэлц нэгжүүд гэж ангилах санал нь
анхных биш бөгөөд зарим эрдэмтэд энэ талаар санал дэвшүүлж байсан. Тухайлбал, эрдэмтэн
М.Базаррагчаа, “Тогтвортой, чөлөөт бус үг (холбоо үг), өгүүлбэрийг өвөрмөц хэллэг, хэвшмэл
хэллэг гэж нэрлэсээр ирсэн ба хэлц үг, хэлц хэллэг гэх нь ч бий. Тэгвэл эдгээрийг хэлц бүтээвэр,
хэлц үг, хэлц өгүүлбэр, хэлц цогцолбор гэж болно.” Гэжээ.
Иймэрхүү байдлаар хэлцийн бүтцийг ажигласан зүйл байгаа боловч бид хэлний баримтад
түшиглэн илүү нарийн ангилан хувааж болно гэж үзэж байгаа юм.
Хэлц бүтээвэр. Хэлц бүтээврийн хувьд судлаач М.Базаррагчаатай санал нэг байна. Хэлц
бүтээврийн талаар тэрбээр бичихдээ, “хуримтлах, нэгэн цогц болох гэсэн утга бүхий –ц
дагаврыг нэр ба үйл үндэснээ чөлөөтэй залгаж болно. Хэдий чинээ олон үндсэнээ залгавал
төдий чинээ түүний утга өргөснө. Гэтэл цогц, хурц, ууц хэмээх үгийн –ц бүтээвэр нь өмнөх
хэсэгтэйгээ зууралдан нэг үг болон сэтгэгдэх болсон байна. Үүнийг хэлц бүтээвэр гэнэ. ... Хоёр
ба түүнээс дээш гийгүүлэгч орж бүтсэн бүтээврийг хэлц нийлмэл бүтээвэр гэж болох ба
дагаврын өмнө тохиолдох хэд хэдэн гийгүүлэгч орж бүтсэн язгуур бүтээврийг мөн хэлц
бүтээвэр гэж болно.” Гэжээ.
Үгийн сангийн утгыг өөрчлөн хэлцжсэн шилжмэл өөр утга үүсгэх чадавхитай нөхцлийг
хэлц бүтээвэр гэж нэрлэе. Чухамхүү энэ хэлц үгийг бүтээж байгаа гол зүйл нь бүтээвэр гэж үзэж
болно. Бүтээврийн эрхээр утга шилжиж үгийн сангийн утгаас тэс өмнөө утгатай болсон ийм
хэлцийг хэлзүйжсэн хэлц үг гэж нэрлэсэн ч болно. Жишээлбэл, ама+нцар, ами+хан+даа, ам+тай,
аюул+ын, бага гар+ын, гар+тай, гол+оос+оо, гол+той, доод+ох, мөр+өөр+өө, нугас+гүй,
нуруу+тай, нүд+гүй, нүүрэ+мгий, оволз+уур, өеө+д+мөр, нүүрэ+лдэх, хэзээ+ий, элэг+тэй,
яс+ны, тэнгэр+тэй, хөл+тэй гэх мэт. Эдгээрийн утга зохиолын хэлний жишээ баримтаас үзвэл:
“Бийртэй хүн гартай.”, “Голоосоо гол засах юмгүй.” (хэвш.), “Жав гуайн голтой байгаагийн
ганц учир үүнд бий.” (С.Эрдэнэ), “Бухын доодохыг харж үнэг турж үхэх.” Хэвш., “Би яахав ээ
архинд дуртай мөрөөрөө гэмгүй амитан.” (Б.Догмид), “Сэргэлэн рок сонсдог ч гэсэн сонгодог
хөгжимд нугасгүй.” (Б.Шүүдэрцэцэг), “Нутгийн нуруутай хэдэн өвгөний нэг байлаа даа...”
(С.Дашдооров), “Нүдгүй л шуурчихдаггүй юм бол маргааш бэлчээнэ ээ.” (Д.Батбаяр),
“Нүүрэмгий хүүхэн, түрэмгий бух хоёр адил.” (хэвш.),“Оволзуур хүнийг жигшигч олон.”
(хэвш.), “Энэ жил хэдэн өеөдмөр маань овоо л таргалж байна.” (С.Эрдэнэ), “Энэ оросын як
ёстой тэнгэртэй унаа шүү.” (Б.Догмид), “Хурим хөлтэй өнгөрч амидрал буулгаа хүзүүнд нь
углаж зүтгүүлэхдээ хуримын өдрүүд шиг байсангүй.” (Ж.Дашзэгвэ), “Балбар бол хүүхдэд
элэгтэй хүн юм.” (С.Эрдэнэ), “Тулгaны бүс тас цавчсан бөхөд чи бүр ясны агсам эр юм аа гэв.”
(Б.Бааст), гэх мэт. Иймэрхүү дан хэлц нь өгүүлбэрээс салангид байхдаа хэдийгээр хэлц мөн
эсэхийг нь мэдэхэд хэцүү боловч монгол хэлний тайлбар толь бичигт нэг салаа утга нь хэлц мөн
болохыг тайлбарлаж жишээгээр батлаж өгөх нь чухал байгаа юм.
Нэр хэлц үг: Нэр хэлцийг бүтцээр нь дан хэлц, холбоо хэлц, хоршоо хэлц, давтах хэлц гэж
хувааж болно.
Дан нэр хэлц: Дан хэлц үг нь ямар нэгэн дагаваргүйгээр үгийн сангийн болон толь бичгийн
үндсэн хэлбэрээр өгүүлбэрт орж голдуу шилжсэн утга буюу хэлц утгаараа хэрэглэгдэх үгс
байдаг. Жишээлбэл, бөгс ≈ сүүл, бөндгөр ≈ толгой, будаа ≈ бүтэлгүй, бүрлээч ≈ нас барсан
хүн, гавал ≈ толгойтой, эрдэмтэй, гожин ≈ архи, зовлого ≈ бие, ногоон ≈ америк доллар,
хорхой дур,
Утга зохиолын баримтаас мөшгөвөл, жишээ нь. “Бодоод бодоод, бодын шийр дөрөв,
Дамбын бөндгөрт орж ирэх бодитой ухаан даанч байхгүй бололтой.” (Б.Бааст), гэх мэт.
Холбоо нэр хэлц: их үг ≈ том хүний яриа хөөрөө, аавын цээж ≈ онгироо сагсуу зантай
хүн, цэнхэр дэлгэц ≈ зурагт, телевиз, аяга тагш юм ≈ архи дарс, есөн өнгийн ≈ янз бүрийн,
айраг найрын цаг ≈ зуны дэлгэр цаг, нэг тэрэгний хоёр дугуй ≈ адилхан улс, хоолны сав ≈
идэхээс өөр идгүй. Утга зохиолын хэлний жишээ нь: “Ахмад хүний дэргэд их үг хэлж болохгүй.
Тэгвэл аавын цээж гэж муу хэлнэ.” (С.Дашдооров)
Хоршоо хэлц хэллэг нь заавал хос бүтэцтэй байна. Хоршоо хэлц хэллэг нь дан үгээр
хоршихоос гадна, мөн өгүүлбэрээр хоршиж болно. Тухайлбал, атга чимх ≈ бага зэрэг, ойр зуур,
ацан шалаа ≈ тээг, саад, нялх нойтон ≈ нялх хүүхэд, гэж үгээр хоршиж хэлц утга үүсгэж
байгаа бол аманд ч үгүй, хамарт ч үгүй ≈ өчүүхэн, бага, гар газар, хөл хөсөр ≈ чөлөөтэй,
тайван амгалан, гарын ганган хөлийн хөнгөнөөр ≈ амар, амархан,, дөрвөн зүг, найман
зовхис ≈ зүг бүрт, илүү үгтэй, илгэн хоншоортой ≈ олон үгтэй, дэндүү яриа, өвс идэж, ус
уусан ≈ эр хүч, тамир тэнхээгүй, өдрийн бодол, шөнийн зүүд ≈ байнга, дандаа, гэх мэтээр
өгүүлбэрээр хоршсон хэлц хэллэг бүтээж бас чадна. Утга зохиолын хэлний жишээ: “Батын
хичээнгүйлэн чанасан ганц таваг банш аманд ч үгүй, хамарт ч үгүй өнгөрөв.” (Ч.Лодойдамба)
Давтсан хэлц: Давталт бол монгол хэлний бас нэг сонин үзэгдэл мөн. Харин давталтаас
хэлц үг үүсдэг учир давтан хорших хэлц гэж байж болно гэж үзэж байна. Тухайлбал, газар
газрын ≈ янз бүрийн, юу юугүй ≈ шууд, тэр дороо, очиж очиж ≈ арга ядаж, аргагүй байдлаас
(үгүйсгэх утгатай) гэх мэт.
Үйл хэлц үг. Холбоо үгийн бүтэц утгын хэв шинжийг тодорхойлох нь утга судлалын
хамгийн чухал үүрэг юм. Холбоо үгийг хэлц ба хэлц бус гэж авч үзвэл хэлц бус нь дийлэнх юм
шиг харагдана. Хэлц үгийн тооны харьцааг авч үзвэл ихэнх нь хэлц холбоо үг байдаг. Бүтцээр
нь авч үзвэл ихэнхи нь нэр үйлийн холбоо байдаг. Үйл хэлц үгийн хувьд ихэнхи нь хэлц холбоо
үг байдаг. Хэлц холбоо үг үүсэх нь утга салаалах (polysemy)-тaй гарцаагүй холбоотой. Ихэнхи
тайлбар толь бичигт үүнийг шилжсэн утгатай үг гэж тайлбарладаг боловч үнэн хэрэгтээ энэ нь
хэлц үг юм. Үйл хэлц үг нь энгийн үйл үгээс ялгарах хэд хэдэн онцлогтой. Үүнд дүрслэх ур
маягаар бүтсэн байна. Нэг буюу хоёроос дээш хэд хэдэн үгээс бүтэх боловч нэг л утга
илэрхийлнэ. Ерөөсөө үйл хэлцийн үндсэн шалгуур нь утга шилжиж байна уу үгүй юу гэдгээс л
шалтгаална. Энэ шинжийг ч нарийн судлаж толь бичгийн тайлбарт ашиглах учиртай. Ийм
учраас үйл хэлцийг доорх мэт хэд хэд хувааж болно. Үүнд: дан хэлц үг, холбоо хэлц үг, гэх
мэтээр.
Дан үйл хэлц: аальгүйтэх ≈ маяглах, аяглах, авалцах ≈ хэрэлдэх муудалцах, авдарлах ≈
нөөцлөх, хадгалах, авалцах ≈ хэрэлдэх, муудалцах, баасдах ≈ гутаах, бантагнах ≈ будилах,
битүүлэх ≈ солих, бөөдийх ≈ үхэх, буулгах ≈ тушаах, бүлээрэх ≈ халуурах, жийх ≈ хасах,
гаргах, зуух ≈ хонзогнох, гэх мэт.
Үйл холбоо хэлцийн жишээ: баас авах, биеэ оторлох, газар авах, гар тэнийх, нүүр
хагарах, хар амлах, нүүрээ буруулах, адис буулгах, хулхи буух, айл буух, хор буцлах, есөн
шид нь бүрэлдэх, нүд бэлчээх, элэг гашилах, хорхой гозогонох, шүлс гоожих, сэтгэл горойх,
хөл залгах, гэх мэт. Үйл хэлцийн жишээг утга зохиолын бүтээлүүдээс арвин олж болно. Зарим
тохиолдолд нэг өгүүлбэр хоёроос дээш хэд ч байж болдог. Жишээ нь: “Харамчийнхан яадаг бол
гар тэнийхгүй дээ гэж хар амлацгаасан улс гайхаж гүйцэв.” (Д.Цоодол),
Зүйрлэсэн хэлц үг: Хэлц үгийн бүтцийг ажиглавал нэг хэсэг нь зүйрлэлээс хаашаа ч
гарахгүй шинжтэй. Угаасаа хэлэнд зүйрлэх арга хамгийн чухал хүчин зүйлийн нэг байдаг нь
хэлний тогтвортой хэллэг дээр ч их ажиглагддаг. Зүйрлэлийг д-р Ж.Баянсан “Зүйрлэл, адилтгал,
төлөөлөл, хэтрүүлэл зэрэг яруу хэрэглүүрийн үндсэн үүрэг нь шинэ ухагдахуун, шинэ нэрлэлт
бий болгодогт оршино.” Гэжээ. Монгол хэлэнд шиг, мэт, чинээ гэх үгээр зүйрлэсэн хэлц үг маш
их байдаг. Тухайлбал, адил: нохойн нуруун дээр цас адил ≈ их амархан, салхины өөдөөс
шээх адил ≈ хэцүү, хоёр үзүүрт зүү адил ≈ ховч муу зантай, , хоёр хөлт могой адил ≈ хорт
муухай зантай, шиг: амаа үдүүлсэн юм шиг ≈ дуугүй, арчсан толь шиг ≈ эрүүл саруул, эрүүл
чийрэг, буруу ишилсэн сүх шиг ≈ зөрүүд, бээрсэн аалз шиг ≈ хийморь, лундаагүй, газар
тэнгэр хоёр шиг ≈ их ялгаа зөрөөтэй, газрын бэтэг шиг ≈ намхан, жижиг, гүзээнд наалдсан
дэлүү шиг ≈ өөрийн биш хүний эрхээр, долоо шархадсан чоно шиг ≈ хашир, дэнгийн эрвээхий
шиг ≈ хөнгөн хийсгэлэн зантай, зурсан юм шиг ≈ сайхан, гоё, хөөрхөн, өр алдсан хятад шиг ≈
хийморьгүй, салхин дэвүүр шиг ≈ хөнгөн, сүү долоосон гөлөг шиг ≈ аймхай, тогорууны нүд
шиг ≈ жижигхэн, ус балгасан юм шиг ≈ дуугүй, дорой, номой гэх мэт. Мэт: арван тавны
төгрөг цагаан саран мэт ≈ сайхан, гоё, бурантаг хавчуулсан мэт ≈ хүний эрхээр, тунгаасан
алт мэт ≈ шижир, ариун, хуй салхи мэт ≈ хөнгөн хийсгэлэн, усны замаг мэт ≈ арвин, хазааргүй
морь мэт ≈ учир замбараа, хамаагүй, хөөс замхрах мэт ≈ хурдан, хурын дараах цэцэг мэт ≈
гоё, сайхан, эвдэрхий хүрээ мэт ≈ эв найр, түнжингүй гэх мэт. Чинээ: алгын чинээ ≈ өчүүхэн,
бага, аягын чинээ ≈ бага, жаахан, бээлийн чинээ ≈ бага, жижиг, нялх, утсан чинээ ≈ өчүүхэн,
хуруун чинээ ≈ өчүүхэн, бага, тэвнэн чинээ ≈ бага жаахан, тэмээн чинээ ≈ том, их,
хэдгэнийн чинээ ≈ бага жаахан, шагайн чинээ ≈ бага жижиг, чигчийн чинээ ≈ бага, жижиг,
гэх мэт.
Хэлц өгүүлбэр: Нэг болон хэд хэдэн өгүүлбэр нийлж өвөрмөц сонин утга буюу санаа
илэрхийлэх өгүүлбэрийг хэлц өгүүлбэр гэж нэрлэнэ. Хэлц өгүүлбэр нь бүрэн бүтцээрээ ганц юм
уу давхар санааг илэрхийлэх боломжтой. М.Базаррагчаа, “Хэлц өгүүлбэр, хэлц цогцолбор нь
ямар нэг гол санаатай байх ба тэр нь аль нэг үйл явдлаас эхтэй байдаг. Үүнийг үүсгэл санаа гэж
болно.” Гэжээ. Жишээлбэл, “Аарцыг нь уугаад аягыг нь голох, агтыг нь унаад эмээлийг нь
голох” гэсэн өгүүлбэрт хэдий хүнээс юм гуйж тусыг авсан боловч дараа нь муугаар ярьж хэлэх
нь ёс суртахуунгүй, хүн чанаргүй хэрэг гэсэн санааг илэрхийлж байгаа нь хэлц өгүүлбэрийн гол
шинж чанар юм.
Ийм хэлц өгүүлбэр монгол хэлэнд маш арвин бий. Хэлц өгүүлбэрийг мөн дотор нь нэрлэсэн
хэлц өгүүлбэр, үгүүлсэн үйл хэлц өгүүлбэр гэж ялгаж болох юм. Тухайлбал, Амьдрах өдөр
тоотой хүн гэсэн нэрлэсэн хэлц өгүүлбэрийг үхэх цаг нь дөхсөн, бие хаа муутай харагдах гэсэн
утгаар ойлгож болно. Галыг нь түлж, морийг нь унуулах, гэсэн үгүүлэх үйл хэлц өгүүлбэрийг
улам догиох, нэмэр болох гэсэн утгаар, гар бариад, бугуй барих, бугуй бариад булчин барих
гэвэл улам даврах, ахих, гэсэн утгаар, ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөх гэвэл цагтаа ач
тусыг нь авч байсан боловч дараа нь ачийг нь бачаар хариулах гэсэн утгаар, малгай толгой
хоёр нь адилхан гэсэн нэрлэсэн хэлц өгүүлбэрийг малгайтай адилхан ухаантай өөрөөр хэлбэл
тэнэг гэсэн утгаар, мэднэ мэднэ гэж мэлхий алж ганзагалах гэсэн үйл хэлц өгүүлбэрийг хэт
мэдэмхийрэх, онгирох нь ихэдвэл тэнэг юм болох гэсэн утгаар тус тус ойлгож байна. Эдгээр
жишээнүүд нь утга зохиолын жишээ баримтад ч бүрэнээ байж байдаг зүйл. Тухайлбал,
“Царайны нь өнгө энэ нүгэлт ертөнцөд амьдрах өдөр тоотой хүн гэдгийг илтгэнэ.” (С.Эрдэнэ),
“Ер нь ард түмэн гэдэг чинь малгай толгой хоёр нь адилхан хаашаа амьтад байдаг юм бэ.”
(Б.Догмид). Монгол хэлний зүйр цэцэн үг, сургаал үгс бол хэлц өгүүлбэрийн маш арвин санг
бүрдүүлдэг бөгөөд бид монгол хэлний хэлц өгүүлбэрийн дээжээс толь бичигтээ зориуд оруулсан
билээ.

Дүгнэлт
Аливаа хэлний хэлц нь олон мянган жилийн хөгжлийн үр дүнд боловсрон бий болж хэвшин
тогтдог тухайн ард түмний аж амьдрал, ахуй орчин, зан заншил, соёл, сэтгэлгээний онцлогийг
тусгадаг нэг төрлийн өвөрмөц бэхжмэл цул бүтэц юм.
Харин хэлний бүтэц, хэлзүйн талаас нь их товч тодорхойлоё гэвэл “Бүтцийн хувьд
тогтвортой, нөхцөлдмөл, утгын хувьд нэгдмэл бөгөөд шилжмэл шинжтэй бодомжит нэгжийг
хэлц гэнэ” гэж болмоор санагдана.
Хэлц үг хэллэгээс гадна хэвшмэл хэллэг, хэвшмэл хэлц, өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг гээд
олон янзаар нэрлэх нэг хэсэг зүйл буйг судлаачид “тогтвортой хэллэг” гэдэг том малгайн доор
хэлц үгийн хамт багтаадаг гэж ойлгодог. Тогтвортой хэллэг гэдэг энэ ойлголт өөрөө маш том
дээвэр бөгөөд доороо нэг агуулгад хамаарах олон өөр ойлголтыг бас багтаадаг гэж болно.
Бидний бодоход хэлц нэгжийн онцлогоос шалтгаалан “Үгийн сангийн үндсэн утга шилжих
үзэгдэл бол үндсэндээ хэлц болох үндсэн шинж чанар юм.” Гэж тодорхойлж болох юм. Монгол
хэлний нэгжүүдийг хэлц болон хэлц бус гэж ангилаж болно. Энэ илтгэлд зөвхөн хэлц нэгжийн
талаар дурдлаа. Хэлц нэгжээ дотор нь нэр ба үйлийн дэвсгэрээр ерөнхийд нь хэлц бүтээвэр, хэлц
үг, хэлц өгүүлбэр гэж гурав хувааж болох юм. Хэлц үгээ дотор нь нэр хэлц, үйл хэлц, зүйрлэх
хэлц, давтах хэлц, хоршоо хэлц гэж хэд хувааж болно. Үйл хэлцээ мөн дан үйл үгийн, холбоо
үгийн гэж хоёр хуваана. Давтсан болон зүйрлэсэн хэлц үг нь хэлц үгийн айд хамаарах боловч
биеэ даасан хэлцийн утга илэрхийлнэ гэж үзлээ. Хэлц өгүүлбэрийг мөн дотор дэвсгэр үгээр нь
нэр хэлц өгүүлбэр, үйл хэлц өгүүлбэр гэж хувааж болно. Энэ өгүүлэлээрээ Монгол хэл бол
хэлний бага нэгжээс их нэгж хүртэл хэлц утга илэрхийлж болох хэлц нэгжийн бүхэл бүтэн
айтай хэл юм гэдэг ойлголтыг судлаачдын анхааралд хандуулахыг хичээлээ.

You might also like